М.Чинхүсэл /МУБИС/
Холливүүд маягийн "МОНГОЛ” кино
Хүний нийгмийг урлаггүйгээр төсөөлөх аргагүй. Харин чухамдаа тэрхүү урлаг гээч зүйлийн мөн чанар юунд оршино вэ? Юуг урлагийн бүтээл гэж нэрлэх вэ? Гэсэн асуултын хариу л илүүтэй сонирхол татах биз. Бид оршин буй нийгэмдээ урлагийн олон төрлүүдээс үзэхүй хийгээд сонсохуйн таашаалыг мэдрэн амьдардаг. Тэгвэл эдгээр урлагийн төрөл, хэлбэрүүд нь хоорондоо нарийн холбоотойгоор хөгжих нь ч хэвийн үзэгдэл. Хүн төрөлхтний түүхийн явцад шинжлэх ухааны хөгжлийн нөлөөн дор цоо шинэ урлагийн нэгэн төрөл үүсэн бий болсон нь дэлгэцийн урлаг байлаа. Кино урлаг нь урлагийн бусад төрлүүдээс нийлэгжин бүрэлддэгээрээ онцлогтой бөгөөд үүнийхээ дүнд ч уран бүтээлчээс багагүй хүч хөдөлмөр, авьяас, ухааныг шаарддаг. Жишээлбэл нэг кино бүтэхдээ л эх зохиол, хөгжим, өнгө тавилт, хувиргалт, жүжиглэлт, зураг авалт гэх мэтчилэн урлагийн олон зүйл жанраас синтезлэн бүрэлдэнэ. Энэ ч утгаараа зарим нэг шүүмжлэгчид "Кино урлаг нийтэд түгсэн тухайн үед сценарист гэдэг тусгаар мэргэжлийн хүмүүс бий болсон. Тэд анхандаа уран бүтээлийн сэдэв, санаа хайхдаа уран зохиол руу шууд халдсан юм. Утга зохиолоос дэлгэцийн болгох боломжтой бүгдийг л дэлгэцийн болгож байлаа. Тэр ч байтугай сонгодог болон орчин үеийн утга зохиол руу эрээ цээргүй халдсан билээ” гэж дүгнэсэн нь ч бий. Гэвч кино урлаг нь "нийлэгжсэн” урлаг мөнийхөө хувьд "урлагтаа үнэнч байх” гэсэн мөн чанарт баригдах нь гарцаагүй юм. Профессор С.Энхбаяр урлагийн гол шинжүүдийн талаар "Орчин цагийн философийн сурах бичгүүдэд томьёолсноор урлаг нь дараах таван үндсэн шинж буюу 5 гол чанарыг өөртөө агуулж, цаг хугацаа – орон зайн континуум дотор илэрхийлж чадахуйц байх ёстой гэнэ. Үүнд:
1. LOKAL
2. ABSOLUTE ONE
3. NON FINITO
4. VALUE
5. STRUKTURA” хэмээсэн байна.
Үүнээс үзвэл урлаг гэх нэгэн айд багтаж буй категориуд /өгүүлэхүйн урлаг, үгийн урлаг, үзүүлэх урлаг, дүрслэх урлаг гэх мэтчилэн/ дээрх таван шинжийг ямар нэг байдлаар агуулж байх нь зүй юм. Үүнд кино урлаг ч мөн хамаатна.
Өнгөрсөн оны 4 дүгээр сарын 28-ны өдөр нээлтээ хийсэн жүжигчин, найруулагч Б.Амарсайханы дэлгэцийн бүтээл "Монгол”/2023/ уран сайхны кино нээлтээ хийсэн даруйдаа олны талархал хийгээд шүүмжлэлийг зэрэг хүртлээ. Зарим нэг нь түүхийг гажуудуулсан, монголчуудын өв соёлыг бүрэн гүйцэд харуулаагүй, тэрний малгай, түүний гутал гэх мэт "аж байдлын” шүүмжийг өгч байсан бол нөгөө хэсэг нь жинхэнэ монгол соёл сэтгэлгээ, монгол хүний дүрийг гаргаж чадсан урлагийн бүтээл байна гэх зэргээр үнэлэлт дүгнэлтээ өгсөн байна. Ямар боловч найруулагч болон жүжигчид, туслах багийн гишүүдийн нөр их хөдөлмөрөөр бүтсэн дэлгэцийн бүтээлд баяр хүргэх нь зүйн хэрэг болов уу. Өчүүхэн би энэхүү бүтээлийг соёл түүхийн эсвэл зураг авалтын талаас нь үнэлж дүгнэх нь хэтийдсэн хэрэг болох буй заа. Иймээс жинхэнэ урлагийн бүтээлд байх нийтлэг шинжүүдийг дээрх бүтээлээр дамжууландэлгэцийн урлаг сонирхогч хүүхэд залуусд бага ч атугай урлагийн боловсрол олгох болов уу гэсэн үүднээс бичив.
МОНГОЛ хүний интуиц /LOKAL/
"Монгол” уран сайхны киног үзээд та бид төдийлөн их зүйлийг "ойлгож” авч чадахгүй л болов уу. Учир юу гэвэл, найруулагч Б.Амарсайхан үзэгчдэд ямар нэг зүйлийг ойлгоосой гэсэндээ бус "мэдрээсэй” гэж хүссэнд, урлагийн хүний интуиц буюу зөн билиг оршиж байна. Иймээс ч урлагийн бүтээлд "ойлгох” бус "мэдрэх” гэсэн үг илүү зохилтой. Яахав уран бүтээлийнхээ цогц байдлын хүрээнд Манж, Чин гүрний дарлалын үеийн зүдэг хэцүү байдал, эрх дархтануудын шунал хүслийн түлхээс дунд тарчигхан амьдрах энгийн монгол хүний тэмцэл, цөхрөл, хайр дурлал өнөөгийн нийгэмд ч байсаар байгааг харуулсан уран санааг ойлгох нь чухал ч гэлээ "МОНГОЛ” гэсэн мэдрэмжийг мэдрүүлж, мөнөөхөн мэдэрч чадаж байна уу гэдгээр нь тухайн уран бүтээлийн жинхэнэ үнэ цэнийг тодорхойлно. Уран бүтээлийн гол дүр болох Монгол эцгийг нь үхэл рүү түлхэж, амьдралыг нь орвонгоор нь эргүүлсэн "хүний үр”-д яагаад үхэн үхтлээ хайртай байсаар байна вэ? Зовлон зүдгийн туйлыг үзээд ирэхэд нь Сэнгэ тайжтай ханьсан суусан Сэрчмаагийн "Хүү минь том болж явдлын ая даахаар болсон” гэсэн үгэнд яагаад тэгтлээ баярлана вэ? Ганц Монгол ч бус, Сэнгэ тайж ч мөн адил өстөн дайсан Монголын удмыг таслалгүй амьд үлдээсэнд ямар учир байна. Энэ бүхний учрыг ойлгох боломжгүй. Ойлгоод ч ямар нэгэн утгагүй. Гагцхүү Монгол хүний интуиц, "МОНГОЛ” гэсэн мэдрэмжийг л үзэгчдэд мэдрүүлэх гэсэн уран хэлбэр ажлаа хийж байна гэсэн үг.
Үзэгчид чухам үүнийг л мэдэрч чадваас жинхэнэ уран бүтээлийн үзэгч, сонсогч болж чадах буй заа. Харин дээр өгүүлсэн Монгол хүний дархлаа, сайн эрсийн түүх, тэмцдэггүй ард түмэн мөхдөг "энэ тэр” гэсэн санаа бол хамгийн "жижүүрийн” бөгөөд анхан шатны асуудал болох бүлгээ.
МОНГОЛ бүтээлүүдийн Аналоги /ABSOLUTE-ONE/
Сонгодог урлагийн бүтээлийн нэгэн үндсэн критерий бол "үнэмлэхүй ганц” байх гэсэн хэмжүүр юм. Чухамдаа "Ромео Жульетта” – аас илүү ариун хайр, "Отелло” – оос илүү үзэн ядалт, "Эдип” – ээс илүү эмгэнэл үгүй гэдэгтэй адил урлагийн бүтээл бол дахин давтагдашгүй байх ёстой л гэсэн санаа энд агуулагдаж байна. Манай суут хөгжмийн зохиолч Б.Шаравын "Сэрсэн тал”, мөн нэрт Балдуугийн Шарав агсаны "Монголын нэг өдөр” зураг бол яах аргагүй "Үнэмлэхүй ганц” гэсэн ангилалд багтах уран бүтээлүүд мөнөөс мөн.
Харин "Манжийн дарлал” гэх "ноцтой” сэдвээр хийгдсэн кино сүүлийн 50 жилд л гэхэд "үй түмээрээ” үйлдвэрлэгджээ. Энэ ч утгаараа зах зээлийн жам ёсоор нийлүүлэлт ихсээд байвал эрэлт унах нь ойлгомжтой. Гэвч "Монгол”/2023/ киноны хувьд "дарлалын” сэдвээс илүүтэй хайр, өс хонзон, цөхрөл, тэмцэл гэх мэт мөнхийн сэдвүүддээ илүүтэй анхаарч, ач холбогдол өгсөн нь тус бүтээлийг дунджаас дээгүүрт үнэлэгдэх боломжийг олгож байна. Гэсэн хэдий ч Монголын баялагт эзэн суусан хятад данжаад, харгис хэрцгий Манж амбан, худалдагдсан ноёд, хоорондоо нэг их ялгарсан зүйлгүй сайн эрс зэрэг хэвшмэл дүрүүдийг анзаарахгүй байхын аргагүй. Харин найруулагчийн зүгээс дэлгэцийн бүтээлдээ "шигтгэсэн” монгол ардын метафорууд, хурц эргэлтүүд нь тус киноны чимэг болохын сацуу өмнөх ижил сэдэвт бүтээлүүдээс ангижруулсныг дурдах нь зүйтэй. Тухайлбал Монгол, Сэрчмаа хоёрын зангилгаан зурвас, хазаар ногт хийгээд, зүүсгэл чимгийн хоёр талд зогсож буй үл мартагдам, уран бүтээлийнхээ "шигтгээ” болсон хэсгүүдийг тоочиж болохоор байна./Энэ талаар өмнө нь бичигдэж байсан тул дэлгэрэнгүй тайлбарлахаас зайлсхийв - М.Ч/ Мөн нийт 2 цаг хагас үргэлжлэх кинонд жүжигчдийн нуршсан харилцан яриагаар ихэнх утга санаагаа илэрхийлэхээс татгалзаж, дүрүүдийн үйл хөдлөл, хоорондын харилцааны жижиг деталиудыг тулгуур болгосон нь оновчтой шийдэл болжээ.
Түүнчлэн энэ хэсэгт МУГЖ З.Жарантав гуайн "даруухан” данжаад болон Ч.Найдандорж найруулагчийн Чойжил ноёны дүрийг онцлууштай. Дан ганц дүрийн диалоги бус өөрт заяасан харизмаар үзэгчдийн жигшил зэвүүцэл хийгээд хайр хүндлэлийг нэгэн зэрэг төрүүлж буй нь тус дэлгэцийн бүтээлийг "ижил сэдэвт” кинонуудаасаа онцгойроход /үнэмлэхүй гэж хэлэхэд арай тохиромжгүй – М.Ч/ ихээхэн нөлөөлж байна.
МОНГОЛ төгсгөл /NON FINITO/
Дэлгэцийн төдийгүй бүхий л урлагийг өөрийн гэсэн онцгой, өвөрмөц феномен шинжтэй болгож байдаг нэгэн чанар нь тодорхой "төгсгөлгүй” байх явдал болно. Дан ганц сюжетийн хувьд ч бус урлагийн бүтээлийн хэсгээс бүхэл хүртэл үзэгчдэд асуулт үлдээсэн, "яг энд” гээд хатгачихсан цэггүй, infinite буюу хязгааргүй шинжтэй байх нь жинхэнэ урлагийн нэгээхэн мөн чанар юм. "Монгол”/2023/ уран бүтээлийн хувьд дээрх шинжийг илэрхийлэх гэж оролдсон жишээг дурдвал, Сэрчмаа бүсгүйн Монголд гаргаж өгсөн өрөөсөн "хонх” нь "Энэ хүүхэд чиний хүүхэд шүү. Би аавыг чинь мартаагүй шүү” гэсэн олон утгыг агуулж байгаа нь ажиглагдана. Энэ нь ямар ч нуршсан диалоги, нус нулимс, уянгын халил, "нийтэд” ойлгуулах гэсэн дэмий зүтгэлгүйгээр хангалттай сайн дүрийн болоод утгын илэрхийлэл болж чадахаар байлаа. Гэсэн хэдий ч дээрх санааг нэмэн дэлгэрүүлж дүрүүдийн диалогиор дахин нуршсан нь тус уран бүтээлийг "Массын” гэх тодотгол руу хөтөлж байна.
Түүнчлэн урлагийн жинхэнэ үзэгч, шүүмжлэгчдийн харамслыг нэгэнтээ төрүүлээд амжсан хэсэг нь тус дэлгэцийн бүтээлийн "төгсгөл” байв. Нуулгүй хэлэхэд "арга ядсан”, бүрэн зохиолынхоо гол утгыг ямар ч амт шимтгүйгээр дэлгээд тавьчихсан "оруулбар” төгсгөлийн хэрэг үнэндээ байсангүй. Киноны гол баатар Монгол нэгэнтээ хавцал дээрээс "цагаан морь”-тойгоо үсэрсэн тэрхэн мөчид бидний киноны жинхэнэ төгсгөл ирснийг мэргэжлийн судлаач, шүүмжлэгчдээс эхлээд миний мэтийн балчир үзэгчид ч олж харсан байх гэдэгт итгэлтэй байна. Дахин нэг жишээг дурдвал, Сэнгэ тайж Сэрчмаагаас хүүг нь салгаад гэрээс авч гарахыг тушаасан нь үзэгчдэд асуулт үлдээсэн чанартай хэсэг болж чадах байсан ч мөн л өнөөх оруулбар төгсгөлийн эцэст Манж амбаны өргөөнд "амар мэнд” зогсож байх нь тун ч "амтгүй”, "хуурай” сюжет болжээ. Энэ мэтчилэн уран бүтээлийн гол утга, хавсраа санаа зэргийг үзэгчээс шалтгаацсан, нэгийг бодуулахуйц, дээр өгүүлсэнчлэн NON FINITO байлгах нь "жинхэнэ” урлагийн бүтээлийн "амин сүнс” юм.
МОНГОЛ бүтээлийн үнэ цэн /VALUE/
Тус хэсэгтээ бид урлагийн бүтээлийн хэдий хэмжээний өртгөөр бүтсэн, хэр их ашиг орлого олсон тухай гэх мэт прагматик үр дагаврын түвшинд бус тухайн бүтээлийн агуулга хийгээд хэлбэрийн харьцаанд орших VALUE-н талаар авч үзэх шаардлагатай болно. Аль ч урлагийн төрөлд жинхэнэ уран сайхны VALUE нь өртөг зардалдаа бус цаг хугацаа, орон зайн харьцаан дахь үнэ цэнийн асуудалд оршино. Тухайлбал 1990 оноос өмнөх үеийн уран бүтээлүүдэд Богд хааны дүрийг "Завхай зайдан”, "Тэрслүү этгээд”, "Дарангуйлагч” гэх буюу тэр бүү хэл "Ижил хүйстэн”, "Бэлгийн гаж донтон” мэтээр дүрслэн үзүүлсэн нь илүүтэй бий. Харин "Монгол”/2023/ уран сайхны кинонд Богд хааны дүрийг "идэвхтэй тэмцэгч”, энгийн ардын энэрэнгүй төлөөлөл гэсэн аястай бүтээжээ. Үүнээс гадна Богд хааны "Алтан гэрэгэ”-г нэгэн "зуугуул” бадарч барин явж Монголын тайж ноёдыг тэмцэлд уриалан байх дүрслэл ч гарах юм. Хэлбэрийн хувьд багахан хэтийдсэн тус үзэгдэл нь ердөө л 50 хүрэхгүй шахам жилийн хугацаанд урлаг дахь үнэт зүйл хэрхэн өөрчлөгдөж хувьссаныг зөвхөн Богд хааны дүрийн үнэлэмжээр илэрхийлж байна. Мөнөөхөн XX зууны эхэн үед Монгол даяар "шуугиулж” асан шилийн хулгайчдын дүрийн үнэ цэн ч тус уран бүтээлд төдийгүй 90 оноос хойших дэлгэцийн бүтээлүүдэд нэгэн тогтсон хэв шинжийг олжээ. Олон дундаас нэг нь урвадаг "штамф”, нэгэн зүйлийн төлөө эвлэлдэн тэмцдэг "Шадар гурван” цэргийн стилиэс гадна "Хэлсэндээ хүрдэг хүнийг эр хүн гэдэг юм” гэсэн санааг нь энэ хэсэгт онцлууштай. Ямар боловч энэ нь буруу, энэ нь зөв гэхээс илүүтэйгээр урлаг, уран сайхны плюраль сэтгэлгээ тогтсоноос үүдэлтэй түүхэн дүрүүдийн олон янз хэлбэрүүдийг үзэн таашаах нь үзэгчдийн хувьд ихээхэн "аз жаргал” билээ.
Өнөөгөөс тавин жилийн дараах цаг үед тус бүтээлийн VALUE хаана тогтохыг хэлэхэд эрт юм. Нэрт философич Жак Дерридагийн "Зохиолч номоо бичиж дуусна гэдэг тухайн зохиолынхоо хувьд үхсэн хүнтэй адил болж буй зүйл” гэсэн үгээр уг хэсгийг өндөрлүүлье.
МОНГОЛ – ХОЛЛИВҮҮД сценари /STRUKTURA/
Тус өгүүллийн "Холливүүд” гэсэн тодотгол бол чухамдаа урлагийн бүтээлийн STRUKTURA буюу хэлбэрийн шинжид оноож өгсөн нэр гэдгийг анхаарууштай. Хүний хэнхдэг цээжинд орж нуугдах, зулайнаас нь эрүүг нь хүртэл нэвт бүлэх, "Би тамаас ирлээ” гэх мэт сүржин үг хэллэгүүд, амбаны хамгаалагчидтай улаан гараараа зодолдоод эцэст нь Б.Наранбаатар ахын дүр бүтээсэн манж жанжинтай нэгийн эсрэг нэг үзэлцэх зэрэг нь яав ч сонгодог/түүхэн гэсэн утгаар хэрэглэв./ монгол киноны struktura /хэлбэр/ биш юм. "Монгол”/2023/ уран сайхны киноны 2 цаг гаруй үргэлжилсэн "сэтгэл хөдөлгөх зориулалттай” сцена-ууд нь хэт үйл явдаллаг буюу Dramatic байсныг үл анзаарвал тун чиг "сайхан” уран сайхны хэлбэрийн цогц болж чаджээ. Нэгэн талаараа шинэ үеийн дэлгэцийн бүтээлүүд нь зохиолтой бус сценаритай /scenario/ байх нь хэвийн үзэгдэл болсны томоохон нөлөө нь тэр биз.
Хэт үйл явдаллаг байх нь үгийн урлагийн хувьд нуршуу болох хандлага руу хөтөлдөг ч дэлгэцийн бүтээлд, үзэгчдэд агуулгаа хүргэх аргууд нь өөр байдаг байж магад. Ерөөс сайн уран бүтээлийг "сайн” болгож байдаг зүйл нь гагцхүү уран сайхны оновчтой хэлбэр байна. Гэсэн ч чанартай зохиол бол жинхэнэ дэлгэцийн бүтээл төрөх эхний үрийг суулгадаг гэхэд нэг их зөрөхгүй л болов уу.