Өнгөрсөн долоо хоногийн хамгийн дуулиантай сэдвийн нэг нь ОХУ-ын "РОСТЕХ” компаниас 400 сая доллараар худалдан авсан "Монгол зэс Корпорац”- ХХК-ийн эмэмшлийн 49 хувийн хувьцааг У.Хүрэлсүхийн Засгийн газар улсын мэдэлд авсан шийдвэр байв. Ингэснээр хувийн хэвшилд байсан "Эрдэнэт”-ийн 49 хувь төрийн мэдэлд шилжиж, ард түмэн түүнээс хувь, ашиг хүртэх эрх нээгдсэн байна.
Тодруулбал, өнөөдөр засгийн газрын хуралдаанаар компанийг нээлттэй хувьцаат компани болгож, нийт хувьцааны тодорхой хувийг иргэдэд эзэмшүүлэхээр шийдлвэрлэлээ. Хувьцаат компани болгох болон хувьцааг нь иргэдэд эзэмшүүлэх талаар санал боловсруулж УИХ-аар хэлэлцүүлэн батлуулахыг сайд Г.Занданшатар, Ч.Хүрэлбаатар, Д.Сумьяабазар болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгав.
Ингэснээр тэд нийт хувьцааны хэдэн хувийг, ямар хугацаатай, ямар нөхцөлөөр иргэдэд эзэмшүүлэх, иргэд хувьцаагаа худалдах, худалдан авахтай холбоотой журмыг гаргаж Засгийн газраар батлуулах үүрэгтэй болж байна. Түүнчлэн "Эрдэнэт үйлдвэр” компанид хөрөнгийн үнэлгээ хийх аж. Тус компани өнгөрсөн онд үйлдвэрлэл, техник, технологийн болон эдийн засгийн төлөвлөгөөт зорилтоо бүрэн биелүүлж 219,660.4 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан гэсэн мэдээлэл байгаа юм. Мөн жилд 26 сая тонн хүдэр боловсруулж 530 орчим мянган тонн зэсийн баяжмал, 4.5 орчим мянган тонн молибдений баяжмал үйлдвэрлэдэг юм байна.