Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй өнөөдөр утсаар ярьж, цаг үеийн болон хоёр орны харилцааны зарим асуудлаар санал солилцлоо.
Төрийн тэргүүн нар 2021 онд тэмдэглэж буй Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн мэндийг харилцан дэвшүүлж, ойн хүрээнд хоёр тал олон ажлыг хамтран хэрэгжүүлж эхлээд байгааг сайшаав.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин хоёр орны хамтарсан сансрын нислэгийн 40 жилийн ой тохиож байгааг тэмдэглээд, ойн хүрээнд сансрын нисэгч Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд шагнал "Александр Невскийн одон”-гоор шагнасан гэдгээ дурдсан юм.
Талууд уламжлалт найрсаг харилцаатай хоёр орны хамтын ажиллагааг бүх түвшинд өргөжүүлэн хөгжүүлэхэд санал нэгдэж, дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн тухай хоёр улсын төрийн тэргүүн нарын хамтарсан тунхаглалыг ойрын үед гаргахаар тохиролцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга ОХУ-ын эрдэмтэд коронавируст цар тахлын халдварын эсрэг вакциныг амжилттай хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлсэнд баяр хүргэв.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад вакцин нийлүүлэх асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2021 оны хоёрдугаар сарын 11-нд илгээсэн захидлыг хүлээн авсан гэлээ.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч болон Монголын талаас ирүүлсэн бүх хүсэлтийн хүрээнд Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон хувийн хэвшлийнхэнтэй вакцин нийлүүлэх гэрээ байгуулж байгаа гэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга вакцинтай холбоотой Монгол Улсын Засгийн газрын хүсэлтэд дэмжлэг үзүүлж буйд талархал илэрхийлж, "Спутник V” вакцины нийлүүлэлтийг түргэвчлэхэд анхаарал хандуулахыг хүслээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин хоёр орны түүхэн харилцааны онцгой ач холбогдлыг харгалзан үзэж, Монгол Улсад тэргүүн ээлжинд вакцин нийлүүлэхэд анхаарал хандуулна хэмээв.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-ын талд тавьсан "Спутник V” вакциныг Монгол Улсад үйлдвэрлэх санал, түүнийг хэрэгжүүлэх боломжуудын талаар талууд санал солилцлоо. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж, вакцин үйлдвэрлэх боломжийг судлах Ажлын баг гаргахаар болов.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгчтэй ойрын үед биечлэн уулзах боломж бүрдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.