Монгол Улсын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэг 1 дүгээр сарын 30-ны өдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэргэдэх Цэрэг, агаарын цэргийн атташе, хурандаа Павел Григорьевич Анисовыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд бригадын генерал Х.Батбилэг "Манай сайхан оронд шинэ албанд томилогдсонд баяр хүргэе. Монгол Улс, ОХУ нь урт хугацааны сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааны түүхэн уламжлалтай. Энэхүү харилцааны чухал хэсэг нь цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагаа бөгөөд Монгол Улсын Зэвсэгт хүчнийг зэвсэглэл, техникээр хангах, шинэчлэн сайжруулах, цэргийн боловсон хүчин бэлтгэхэд ОХУ-аас тусламж үзүүлж байдагт Монгол Улсын төр, засаг болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлага гүн талархалтай байдаг” гэв. Мөн тэрээр энэ онд тохиож буй Аугаа их Эх орны дайны ялалтын 75, Чөлөөлөх дайны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн олон ажил, арга хэмжээ байгааг ч нэмж онцолсон юм. Харин хурандаа Павел Григорьевич Анисов "ОХУ-ын цэргийн атташе 1967 оноос Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэргэд ажиллаж ирсэн түүхтэй. Энэхүү түүхэн уламжлалыг үргэлжлүүлэн ажиллах болсондоо баяртай байна” гээд цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.Үүний дараа Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, ахлах хурандаа Бао Юи Хайг хүлээн авч уулзсан юм. Тус уулзалтаар хоёр орны хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа гүнзгийрэн хөгжиж байгааг тэмдэглээд, өнгөрсөн онд Монгол Улс, Хятад улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд олон чухал арга хэмжээг хамтран зохион байгуулснаа дурдав. Мөн хоёр орны хамтарсан сургуулийг үргэлжлүүлэх, "Аравт” морин цэргийн олон улсын уралдаанд Хятадын талаас морьтон дайчдаа оролцуулах зэрэг асуудлаар санал солилцсон юм.