Сумын зуун жил хөл ихтэйхэн, морьдын хөлс хатаж, ангиудын уулзалтын эрч сулрах үеэс ирсэн зочдын ихэнх нь Ихсийн газартаа очиж хүндэтгэл үзүүлэхээр чимээгүйхэн зорих нь бий. Сумын Дал, ная, ер, зуу гээд сүүлийн дөчин жилийн том баяруудын жишгийг мэдэх хүний хувьд Дариа өглөөний нартай зэрэгцэн ижийнхээ газрыгзорьлоо. Сүүлийн жилүүдэд нутгаас ирүүлсэн хэлээр ялимгүй цөмөрсөн газрыг тэгшилж, дүүргэхээр эртлэн зорьсон нь тэр.
Зорьсон хэргээ бүтээж, ижийнхээ газарт хүндлэл үзүүлж дуусахын хэрд ар араасаа цуварсан хориод машин ирж зуу хол гарсан хүмүүс тэрхүү газар бужигнан хөл үймээн болов. Ихэнх нь сайн мэддэг бололтой шууд олж очин хүндлэлийн зан үйлээ хийх аж. Зарим нь нэлээд хайсны эцэст арайхийн олж байгаа нь үйл хөдлөлөөс нь илт. Ганц нэг нь олохгүй арга мухардсан янзтай, за даа ямартаа ч энд байсангэх багцаагаар үйлдэж байгаа нь харагдах .
Өвөөгөө даган ирсэн сэргэлэн нүдтэй охиныг хараад Дариа зогтусав. Хаана харлаа байз хэмээн бодтол урд гудманд байсан Цэвэлмаа Адиагийн нүд өөрийн эрхгүй санаанд буулаа. Өвөөг сайтар ажвал өрөөсөн хөмсөг дээрээ тодоос тод сэтэрхий сорвитой Банзрагч ах мөнөөс мөн байлаа.
Ус голдоо хүн чанаргүй, ойворгон гэдгээрээ алдартай Хазгай Доржийн хүүгийнхээ нүүрэнд үлдээсэн сорвиор нь Банзаа ахыг амархан таньсан Дариа ёс төрөө гүйцээхийг нь хүлээж байгаад очиж мэндлэлээ. Тэрээр түүнийг удтал харсанаа арайхийж таньсан бололтой:
-Аан нягтлан Даржаагийн охин уу даа. Танайхан сайн уу. Та нар хаана хаана байцгаана, тааралдаагүй уджээ. Чамайг дуугаар чинь танилаа хэмээснээ
-Муу ээж минь ная хол наслаад өнгөрсөн жил өөд болсоон. Сүүлчийн хүслийг нь гүйцээжявна даа гээд шүүрс алдав.
-Ажил амьдралын дөр суулгасан Бандихүү гуайг би Ааваа хэмээн бодож явдаг юмаа. Алд биетэй минь цусны сүлбээгүй ч амьдралын их ухаанд сургасан тэр хөгшнийг би хэзээ ч мартдаггүй юм аа. Сэтгэлд минь тод мөртэй энэ хүнийг хүндэлж яваарай! хэмээн үр ач нартаа захиж яваа царай минь гээд үгээ өндөрлөв.
Төрсөн эцэг нь атлаа тохой хүндлэлгүй хорвоогоос явсан Хазгай Доржийг бодохыг ч хүсдэггүй нь нүүрэн дээр нь бичээстэй байлаа. Яг түүний бодлыг уншсан мэтогцом эргэж хараад, - Дорж гуайг би дүүтэйгээ хүний ёсоор хөдөөлүүлсэн, газрыг нь сайн олсон юм байлгүй дээ бид сайхан амьдарч явна аа ! Гэхдээ сэтгэлд үлдсэн мөр тэр хүнээс байдаггүй юм аа. Нүүрэн дээр үлдээсэн сорви нь насаар минь хамт байхийм даа... Ижий минь айхтар хүн тул Өвгөнтийн хөндийг өдөр бүр эргэж байгаад, өнгөрсөн өдөр нь нутгийн сайн ламаар зүг чигийг нь зөв олуулж, буян номыг нь хүний дээдээр гүйцээсэн дээ...
Тэдний яриа түр завсарлах мөчид Дариа хүүхэд ахуй цагийн дурсамж руугаа буцлаа. Нэг мянга есөн далаад оны сүүлч наяад оны эхэн үе руу буцаж очвол: Өглөө эрт гоёлын ганц костюмаа өмсөж, зангиагаа зангидаад Намд элсэхээр цоглог гарсан аав нь өдөр дундын хэрд урам муутайхан ирж явааг харсан Дариа гэрийн хаяанд чимээгүйхэн суулаа.Ээж нь цай аягалж өгөөд дуугүйхэн сууна.
Эр нөхрөө түрүүлж ам нээхийг хүлээнсуудаг ээж нь гал дээрээс чанасан мах буулгаж, аавынх нь өмнө тавьлаа.Хэсэг мах хэрчиж, үмхэлснээ сая ам нээж:
-Хятад хөгшин Бандихүүтэй сүлбээтэй намын эсрэг байж, мэдэх этгээд намайг элсүүлсэнгүй ээ хө! Хазгай Доржийндүү их өсөрхүү хүн болох дэг ээ гээд таг болов.
-Намтай намгүй нягтлангаа хийгээд явахад амьдарч л таараа гэж ээж нь амандаа дуулдахтай үгүйтэй бувтнав.
-Дээд боловсролтойн хэрэг юусан билээ хойшоо Намын дээд сургуульд явъя! хэмээн мөрөөддөг минь талаар боллоо хэмээснээ ухасхийн босоод гэрийн хаяанд суугаа охиноо хараад:
-Уухайс хол очиж тоглохгүй хүний үг сонсож суудаг хэрэг үү хэмээн уцаарлав. Дариа ч :
-Аав аа ааваа! Банди өвөө Хятад хүн үү хэмээвэл -Хош гэм хүүхдэд томчуудын хэрэг хамаагүй гэсээр тэдний яриа дууссан сан.
Ганц бие, гэртээ хачин цэвэрхэн суудаг Бандийхүү гуайг Хятад хүн гэдгийгсонсоод чихэндээ ч итгээгүйн Дариагийн эргэлзээ тун ч удалгүй тайлагдсан билээ. Шөнө орой нууцаар сонссон түүхээ хэнтэй ч хуваалцаж байсангүй, өөрөөсөө нуух шахуу явж өдий хүрчээ. Хоёр хоногийн дараа Бандихүү нэлээн халамцуу, өвөл зунгүй биенээсээ салгадаггүй хөвөнтэй хүрэмнийхээ энгэрт нэг шил конъяк хийсээр орж ирлээ.
-Би ч муу хүн юм даа. Хүүгийнхээ намд элсэх замыг хаачихаж, хог шиг үзэгдэж амьдрахгүй юм шүү! гэж насаараа хичээсэн юм сан. Зарим хүний санаанд хогноос дор явдаг бололтой хэмээн дуугаа хураав. Аав сандарч: - Тийм юм болоогүй ээ, нондингийн тайлан алдаатай байсан тэгээд л бүтээгүй хэрэг хэмээвэл, ээж бас - Яг тийм шүү! хэмээн хүч нэмлээ.
Бандихүү энгэрээсээ нөгөө шилтэйгээ гаргаж аавд нэг хундагыг хийгээд өөрөө яах ийхийн зуургүй гурван хундага татчих нь тэр ээ. Угаас халамцуу байсныг хэлэх үү учиргүй муудаж байгаа бололтой духанд бурзайсан хөлсөө цав цагаан алчуураар арчсанаа яриагаа эхлэв.
- Тийм ээ би Хятад хүн шүү дээ. Та нар л Бандийхүү гэдэг болохоос Бай ЯнЛун хэмээх дотор газрынх. Гэхдээ хүнтэй л адил хүн, ижийгээ санадаг, нутгаа санадаг, нэр төрөө эрхэмлэхшээ аяддаг хүн шүү дээ.
Энэ л өгүүлбэр зүүрмэглэх аядаж байсан Дариагийн сэтгэлийг эзэмдэж, нойрноосоо бүрэн сэрж, шөнөжин ярьсан Бандийхүүгийн яриаг нэг ч үг үсэг гээлгүй тогтоож авсан билээ.
УЛААН ЗАНГИЛААНЫ УЧИР:
Бай Лу Яны ээж нь тосгоныхоо чинээлэг айлын охин байсан бөгөөд хадамд гарч амжаагүй байтал аав ижий хоёр нь зуурдаарявчихаж. Ганцаар үлдсэн залуухан охинөглөөнөөс үдшийн бүрий хүртэл зах нь үл харагдах тариан талбай дээрээ ядарч цуцахыг умартан ажиллахын сацуушөнө нь тосгоны савсаг эрчүүдийг хөөж туух гэж үйлээ үздэг байж.
Яг тэр үед нь Тосгоны дарга залуухан эр төрийн ажил хэргийг далимаар орж гарч яваад дотносож, ганц хөвгүүн төрүүлсэн нь Бай Лу Ян ажээ. Хөөрхий ээж нь маш гоёмсог бүсгүй байсныг тэр бүүр түүрхэн санана. Тэдний жаргалтай өдрүүд түүнийг арван долоо хүртэл үргэлжилжээ. Бусад хүүхдүүдийн аав шиг өдөр бүр хамт байдаггүй ч хааяа ирэхэд нь ээж хүү хоёр учиргүй баяртай байдаг сан. Тосгоны даргатай нэр холбогдсон тул тэднийг дээрэлхэх хүн байсангүй. Түүнийг 17 хүрэх үед дарга аав нь зүрхний шигдээсээр өөд болох нь тэр ээ.
Тэр л өдрөөс Бай Лу Яны зовлонт өдрүүд эхэлж, Том эхнэрийн хүү Тосгоны дарга болж ээжийнхээ заавраар тэр хоёрыг зовоосон түүхтэй. Жилийн дараа цэрэгт татагдаж, таван жил цэргийн албанд зүтгэн барилгачин, мужаан, тогоочийн эрдэмд төгс болоод иртэл, хөөрхий ээж нь танигдахын аргагүй өтөлсөн байлаа.Том эхнэрийн заавраар ажиллах шинэ Тосгоны даргад хүмүүс жигтэйхэн дургүй, аавын эрдэм ухаан аль нь алга хэмээн шогшрохыг хараад Бай Лу Ян ээжийнхээ өтөлсөн учрыг даруй гадарласан ч угаас даруу тул элдвийг хэлж эс зүрхлэн тосгоны барилгын ажлыг хариуцан явсаар нэг л мэдэхэд гуч хүрсэн байлаа. Ээж нь түүнийг ирсэнээс хойш өнгө зүс нь сэргэж хуучин янзандаа орсонд баярлаж явтал, нэгэн өдөр Тосгоны захиргаанаас дуудаж:
-Ар Монгол барилгын ажилд хүн авна цалин пүнлүү өндөрцөөн хүн авна гэхээр нь чиний нэрийг өгчлөө хэмээн эцэг нэгт ах болох Тосгоны дарга маасайн угтжээ. Дотроо хачин дургүй байсан хэдий ч хүний үгнээс зөрж чаддаггүй тэрбээр Тонхил сумд ирсэн түүх нь тэр ажээ.
Бай Лу Ян Ар Монголын баруун хязгаарт ирээд гурван намар, гурван хаврыг үдээд, зорьсон ажилдуусах дөхөж байлаа. Хаврын хавсарга салхитай өдөр биенээсээ салгадаггүй 9 зангилаат улаан даавуугаатэмтрэн тэмтэрсээр унтжээ. Монгол руу явахад нь ээж нь энэхүү даавууг зангидаж өгөөд зангилаа задарвал тиймхэн шүү! гэж сануулсан юмсанж. Сүүлийн үед эхний зангилаа нь задарчих гээд байсан тул амыг нь чанга гэгч бөхлөв. Шөнө дунд жигтэйхэн зүүд зүүдлэж ижий нь түүнийг багад харж байсан гоёмсог улаан цамцыг өмсчихсөн:
- Миний хүү ижий нь хорвоогоос буцлаа. Монголдоо болж байвал, наанаа үлдэж, ХҮН ШИГ АМЬДРААРАЙ. Эргэж ирэх хэрэггүй хэмээн хэлэх шиг болов. Үгүй ээ! хэмээн хашхирч ээж рүүгээ дөхвөл – Цаашаа цаашаа! хэмээн түлхэж эргэж харах ч үгүй замхран одов.
Хар дарсан зүүднээсээ арайхийн сэрвэл хаврын хавсарга салхи зогсоогүйгээр үл барам улам ширүүсэх янзтай байлаа. Гарын алга нэвт хөлөрсөн байх агаад ээжийн зангилсан 9 зангилаанаас зургаа нь задарч, гурван зангилаатай үлджээ. Тодхон зүүдний угийг хөөж бодоод, зөн совин ч гэх үү нэг л сонин мэдрэмжээр ижийгээ алдсанаа ухаарсан гэдэг.
Хүний л үр болсон хойно сумын хоршоо орж, шуудай будаа, хайрцаг үзэм аваад дотуур байрны хүүхдүүдийг гурван өдөр будаалав. Хаврын өдөр гэдэс гарч баярласан хүүхдүүдийн харцыг Бандийхүү огтхон ч мартдаггүй билээ. Хүүхдүүдийн баярласан, гэдэс нь цадсан, амттан идсэн таашаалтай харцуудыг л харж дотроо баярлахын тулд гучин гаруй жилийн турш сар бүрийн шинийн арван таванд хүүхэд будаалдаг болсон түүхтэй.
Сургуулийн барилга хариугүй дуусах дөхөж байтал нэгэн өдөр тосгоны захиргаанаас ирүүлсэн захидал бүтэн зургаан сарын дараа түүний гарт ирж ижийг нь тэнгэрт хальсныг албан ёсоор дуулгав. Барилгын даамал Монгол эртүүнийг нухацтай харж:
-Чи яаж мэдсэн мэдсэн юм, хэдэн сарын өмнө дотуур байрны хүүхдүүд хооллоод байсан ийм учиртай байсан юм уу? гэв. Хилд ойрхон сумынхны баахан хардамтгай зан сэдрэв бололтой.
Бай Лу Ян сандарч: Миний ирсэн тосгон хэдэн мянган бээрийн зайтай, далайтай ойрхон тул хилээс мэдээлэл авах боломжгүй хэмээн өчвөл үл итгэсэн байдал бүрэн арилсангүй... Аргаа барахдаа "тагнуул” хэмээн нэр авчих вий хэмээн сандарч учир битүүлэг зүүдээ ярьж, улаан зангилаагаа гаргаж үзүүлэв. Эрх биш хүн юм хойно барилгын даамал эр харц нь зөөлөрч, үдшийн бүрийгээр ах ламдаа аваачихаар болов.
Амьтнаас нуугдаж үдшийн бүрийгээр очвол Гоохүү ламтан:
-Удсан ч гэсэн зориод ирсэн нь зөв хэмээн хойдын буяныг даатгаж ном уншжээ. Даамал дүү нь дагуулж ирсэн болоод ч тэр үү ихэд хичээнгүйлэн уншиж буй нь анзаарагдаж байлаа. Шөнө сэмхэн ирээд унтаж байтал нэгэн зөөлөн гар хацрыг нь илбэх шиг болсоноо -Баярлалаа миний хүү !гэж хэлэх нь тодоос тод сонсогдов. Номын дуу, номын хүч гэдэг цаг хугацаа орон зайнаас үл хамаарч хүрэх хүрдэгийг Бандийхүү тэгэхэд л ойлгосон билээ.
Сургуулийн барилга дуусаж улсын комиссд өгөх болсон тул ажиллаж байсан хятадуудыг бүрэн нутаг буцаахаар боллоо. Ю.Цэдэнбалаас болж хоёр орны харилцаа таагүй болсон дуулдах. Хятад талыг төлөөлөн гарын үсэг зурах ёстой барилга ангийн дарга Вао Цзи Жай түүнийг өдөр шөнөгүй гуйж, өндөр настай аавдаа очмоор байна , чи миний оронд үлдээч хэмээнэ. Найзыгаа бодсон уу? эсвэл ээжийнхээ зүүдний захиасыг санасан уу?нэг л мэдэхэд -За гэчихсэн байж.
Монгол орны алс баруун хязгаарт амьдарч тэнд ясаа тавих эхлэл тэндээс үүдэлтэй. Барилга хүлээн авах комисс ирэх гэсээр байтал намар, өвөл дуусаж, хавартай золгох нь тэр ээ. Хавар хүлээн авах комисст барилгаа хүлээлгэж өгөөд нутаг буцах гэтэл хоёр улсын хил хаагдчих нь тэр ээ. Нэгдлийн дарга Чойдог төрөлхийн сэргэлэн зангаар түүнийг сургуулийн тогоочоор аваад үлдчихэв.Хэдийгээр цаг хатуу хэдий ч алс баруун хязгаарт амьдрах болсон ганцхан хятадыг бүртгэж сүйд болсон ч үгүй, тэгсхийгээд мартагдсан билээ.
Нэгдлээсарван таван толгойтой дөрвөн ханатай гэр барьж өгч товхийсэн амьдралтай Бандийхүү хэмээх өрх үүсэх нь тэр ээ. Цалин цагаатай хэрэг юусан билээ сар бүрийн шинийн арван тавны хүүхэд будаалах ажлынхаа тоог нэмэгдүүлж шинийн 29-ныг нэмж сард хоёр удаа хүүхэд хөгшчүүлийг хооллох болжээ.
Сургууль амарсан үед сумын клубын барилга, мал эмнэлгийн барилга гээд түүний гар хүрээгүй барилга нэгээхэн ч үгүй байлаа. Арваад жил тогооч хийгээд байтал нэгэн хүү өдөр бүр нүүр нүд нь хөхөрсөн явахыг харвал, нэгдлийн үйлчлэгч Цэвэлмаагийн хүү болохыг мэдээд түүнийг гэртээ дуудаж хоол хэрхэн хийх, мужааны ажлаа зааж өгөх зэргээр сэтгэлийг нь тайтгаруулахаар оролдов. Хүү ч түүнд дасаж хөөрхөн ажил сурах дөртэй болсон ч орой болмогц ааваасаа айн гэрлүүгээ гүйчихнэ. Нэг өдөр хүүгийн эцэг Хазгай Дорж согтуу ирж гэрийг нь түйвээх дөхлөө.
Чи муу хормойгоо чирсэн Цэвэлмаатай нийлэх санаатай миний хүүг өөртөө хань татаж сууна уу гэхчилэн хорон үгсийг сонсоод гайхаж үлдэв.Энэ явдлаас хойш Хүү ч тэр Бандийхүү ч тэр мөддөө уулзсангүй. Өвлийн хүйтэн шөнө гэрийнх нь баруун хатавчинд ямар нэгэн юм сүүтэгнэхийг харвал хөөрхий Банзаа хүү нүүр нүд нил цус болсон дагжтал чичрэн зогсож байх нь тэр. Сайтар харвал мөнөөс мөн тул сандарсандаа гэртээ оруулж, нүүрийг нь цэвэрлэж, халууныг нь бууруулах санаатай эм өгсөнч дээрдээгүй тул өглөө нь үүрч дүүрэн эмнэлэгт аваачиж өгөв.
Хазгай Дорж маргааш нь бөөн дуулиан дэгдээж Хятадын тагнуулаар түмний хүүхдийн хоол хийлгэлээ хэмээн сүржигнэн намын дарга дүүтэйгээ нийлээд түүнийг тогоочоос нь буулгаждөнгөв өө. Барилгын ажил эхэлтэл зургаан сар ажилгүй байсан хэдий ч хурааж хумьсан хэдэн төгрөгөөрөө сар бүрийн шинийн 15, 29 ны хүүхэд хооллох ажлаа тасалдуулахгүй л яваад байлаа. Барилгын ажил эхэлж зуны гурван сарыг давгүй туулж, өвлийнхөө түлээ нүүрсийг бэлдчихээд хэрхэх учраа олохгүй явж байхдаа нэгдэлд шинээр ирсэн Даржаа нягтлантай таарч дотноссон түүхтэй.
Даржаа шинэвтэр авсан хашаандаа гэрийг нь барьж хамтдаа байхаар болсон төдийгүй ажлаа мэдэхгүй будлиуЦэцгээ халж, Бандийхүүг нэгдлийн нярвааравах нь тэр ээ. Цэмцгэрцэвэрчээрээ алдартай Даржаа, Бандийхүүхоёр гар ганзага нийлж сумын нэгдлийг баруун бүсийн хамгийн шилдэг нэгдэл болгосон удаатай. Бандийхүү ч тэтгэвэрт гарч, залуухан Даржаа ч дөч гарсан эр болж нэг л мэдэхэд хоринжил өнгөрчээ.
ТӨГСГӨЛ:
Бандийхүү яриагаа дуусгахын хэрд :
-Би нэгдэлд байхдаа чамаас намар болгон Өвчүүгийн хадланд тогоочоор явъя гэж гуйдаг байсныг санаж байна уу хэмээн асуув. Даржаа бодолхийлсэнээ :
- Бүү мэдээ гэвэл намарт таанын цагаан цэцэг тал дүүрэн цайхад төрөлх тосгондоо очсон юм шиг сэтгэл минь сайхан болдог байсан юм аа. Өвчүүгийн голд бухалдсан өвсийг харахаар болц нь гүйсэн тариан түрүү харагдаж нутагтаа очсон мэт болдог тэр л мэдрэмжийг авах л гэж тогоочоор явдаг байсан юм даа гээд санаашрах нь сонстлоо.
- За даа орой болжээ та орж унтдаа гэвэл:
- Ойрд миний бие базаахгүй байна аа. Үлдсэн гурван зангилаа задарчих гээд байх боллоо. Би ч удахгүй бүр мөсөн мордох болтой дог… Би гурав хоногийн өмнө бүх мөнгөө банкнаас аваад таван шуудай будаа \тэр үед 50кг савлагаатай байсан\ найман хайрцаг үзэм бас хэдэн сайхан банз бас бус даавуу лаа шүдэнз тэргүүтнийг бэлтгэсэн байгаа. Тэдгээрийг миний ажил явдалд хэрэглээрэй элбэг хүрнэ гээд таг болов.
Нэлээн дуугүй сууснаа – Даржаа Манай авдарт Цэвэлмаагийн оёж өгсөн хүрэн хамбан дээл бий түүнийг миний толгой дор тавиарай. Би ганц өмсөөгүй юмаа. Цэвэлмаа үзчихвэл насны гомдол болно.
- Аан бас тийм намайг өнгөрснөөс хойш бүтэн жил хүүхэд будаалах ажлыг минь үргэлжлүүлээрэй, түүнийг Цэвэлмаагийн хүү хийнэ ээ. Та хоёр гар хүрэх хэрэггүй, цаашдын өсөж дэвших замд чинь саад болно хэмээн захив.
Өглөө аав минь эртлэн боссоноо :
- Өө хөөрхий ёсоор болжээ. Нөгөө улаан даавууны гурван зангилаа нь задарч гарын үзүүрт атгаастай өнгөрчээ. Мөн ч сонин юмдаа гэсээр орж ирлээ. Ээж минь нүдэндээ нулимстай
- Эх үрсийн хүйн холбоог сэтгэлийн сэжим гэдэг ийм л нандин, хүчтэй эд байдаг юм байхдаа хэмээн толгой сэгсрэн суусан сан.
Бандийхүү гуайн ажил явдалд ирээгүй хүн нэг ч байсангүй, түүний гараас үзэмтэй будаа идсэн хүн бүр л зорин ирсэн гэлтэй бужигнаж билээ. Сум нэгдлийн дарга, сургуулийнбагш хүүхдүүд, сумын эмч гээд л сумын төвийн бүх хүн түүнийг эцсийн замд нь үдсэн дээ.
Цэвэлмаа гуай 49 хоногийг нь дуустал гэрийг нь эргэж тойрч зул хүжийг нь тасалсангүй. Хүүхэд будаалах амттай будааг нь Банзаа ах агшааж бүтэн жил тойрлоо. Дариагийн санахад тавь хүрч яваа энэ насанд нь Бандийхүү гуайн будаа шиг амттай будаалгыг идэж үзээгүй үзэх ч үгүй гэдэгтээ итгэлтэй явдаг нэгэн. Банзаа ахын будааг хүүхдүүд амттай байна хэмээн шагшдаг хэдий ч Дариад бол үгүй байлаа.
Жилийн ой дээр нь түүнийг гэрийг буулгаж, нэгдэлд буцааж өглөө. Энэ явдлаас хойш Дариа Цэвэлмаа эгч хийгээд түүний хүүхдүүдийг харалгүй хэчнээн ч жил өнгөрснийг бүү мэд.
Өнөөдөр ихсийн газар Банзаа ахтайгаа таарсан нь тэр байжээ.Монголчууд "Цаасан дээр нэртэй, Цасандээр мөртэй явсан юм шүү хөөрцгөөдөг . Эсрэгээрээ хүний сэтгэлд мөртэй явахын үлгэр дууриалыг харуулсан Бандийхүү гуайн түүх өрөвмөөр ч юм шиг сэтгэлийг нь гэгэлзүүлнэ .
Хүн гэдэг амьтан ямар үндэс угсаатай байхаасаа үл хамааран ижий,эх нутаг хоёроосоо уяатай байх юм даа. Хөөрхий тэр ижий хүүгээ явуулах хүсэлгүй ч, ес зангидсан улаан даавуугаар хүүтэйгээ сэтгэлийн сэжмээр холбогддог гайхалтай ээж байж дээ хэмээн Дариа бодож зогслоо.
Хэдэн мянган бээрийн чинадаас зургаан зангилаа сулрах мөчид ээж хүү хоёр харилцан бие биенээ мэдэрсэн гайхамшигт түүхийг чагнаж хоносондоо баярлах шиг… Тариан түрүү найгадаггүй баруун хязгаарт таанын цагаан цэцгийг харж хэвтэнгээ нутагтаа очсон мэт сэтгэл нь хөнгөрдөг байсан хөөрхий өвгөнийг бодон самсаа нь шархирав.
Монголдоо,Улаанбаатраас жил бүр очихдоо нутгаа санаж мэлмэрүүлэх болсон Дариа Хүний нутагт насаа элээсэн Бандийхүү гуайн сэтгэлийн шаналлыг төсөөлж бодоод ч барж дийлэхгүй гэдгээ мэдрэв. Хариугүй хөдлөх гэж буй Банзаагийн машин руу гүйж, өөрөөсөө хүртэл нууж явсан энэ л түүхийг Бандийхүүг сэтгэлдээ дээдлэгч хүмүүст нь хуваалцахаар зорьлоо… Хүүхэд насандаа шөнө хугаслан сонссон нууцхан түүхийг дөч гаруй жил хадгалсан, сэтгэлийн зангилаа ч бас тайлагдлаа…
М.Хүүхнээ