-Дандаа яахаараа эмэгтэйчүүдийн зөв байдаг юм бэ? гэх асуултанд эмэгтэйчүүд ЯАДАГ ЮМ гэж хариулсан хошин пост цахим хуудаснаа хөвөрч байсныг уншигч та бүхэн санаж байгаа биз ээ. Тэр үед энэ үгийг нотлох шиг "Эхнэрүүдийн зөв” хэмээх уянгалаг дуу мэндэлж, залуусын Fly хамтлаг сэтгэлд хоногштол амьлуулж чадсан юм.
Агуу их хайрын тухай дуугаар залуусын сэтгэлийг хөглөж, уярааж байдаг Fly хамтлаг энэ удаад Жүжигчин Батука, Шүүдэрцэцэг нарын хуримын 15 жилийн ойг тэмдэглэж, тэдний хайрын элч болсон байна. Жүжигчин Батука, Шүүдэрээ нарын хайр сурагчийн ширээнээс эхэлж өдгөө хуримынхаа 15 жилийн ойг тэмдэглэсэн бөгөөд хоёр хүүхэдтэй өнөр өтгөн айл болжээ. Мэдээж энэ бол Fly хамтлагийн шинэ уран бүтээл болох "ХАЙРЫН ЭЛЧ” дууны клипний үйл явдал юм.
Fly хамтлаг энэ удаад хосуудын олон арван жилийн хайрын түүхийг мөнхөлсөн шинэхэн уран бүтээл болох ХАЙРЫН ЭЛЧ дуугаа бүтээж олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр болох МАРТ-8 баярыг угтаж, сонсогч, үзэгчиддээ өргөн барьж байна. Уг дууны аялгууг дуучин Мөнгөншагай буюу "яагаав нөгөө Гурван бүдүүн хамтлагийн Шагай” зохиожээ.
"Сайхан хайр гэж байдаг юм, олдвол алдаж болохгүй шүү” гэж алдарт зохиолч Ч.Лодойдамба хэлсэн байдаг аа. Сайхан хайраа олсон, аз жаргалтай амьдарч байгаа мянга мянган залуус, хосууддаа зориулсан Fly хамтлагийн "ХАЙРЫН ЭЛЧ” уран бүтээлийг уншигч та бүхэндээ өргөн барья.
ТӨР.МН
Б.ЭГШИГЛЭН