Иракийн баруун нутаг дахь АНУ-ын болон эвслийн цэргүүд байрладаг Аль Асад нисэх хүчний бааз пуужингийн дайралтад өртжээ. Иранаас энэ бааз руу 10 гаруй баллистик пуужин харвасан гэж АНУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Жонатан Хоффман мэдэгдэлдээ дурдсан байна. Тэрээр "Энэ пуужингуудыг Иранаас харвасан нь тодорхой байна.Мөн Аль Асад, Ирбил гэсэн АНУ-ын зэвсэгт хүчин байрладаг Иракийн хоёр цэргийн бааз руу довтолсон” гэв. Түүнээс гадна АНУ-ын Засгийн газар пуужин харвасны улмаас учирсан хохирлыг эхний байдлаар гаргах ажлыг хийж байна. Тухайлбал, дайралтын үеэр Аль Асад баазад байсан АНУ-ын олон онгоц устсан гэж "Аль Хадас” телевиз мэдээлжээ. "Аль Маяадин” телевизийн мэдээлснээр энэ онгоцнуудын нэгийг нислэгийн талбай дээр устгасан байна. Харин Сирийн төрийн телевиз "Дейр Эззор мужийн газрын тосны болон хийн байгууламжаас америк цэргүүдийг нүүлгэн шилжүүлж эхэлсэн” гэж мэдээлжээ. Тодруулбал, цэргүүдийг Аль Хасака мужийн Аль Шадади хоттой ойрхон байдаг нисэх хүчний бааз руу нүүлгэж байгаа аж. Ерөнхийлөгч Доналд Трамп энэ дайралтын талаар хэлэхдээ бүх юм сайн байгаа. Бидэнд дэлхийн хамгийн хүчирхэг, сайн зэвсэглэсэн зэвсэгт хүчин байна гэж твиттерт жиргэжээ. Харин Ираны исламын шашны хувьсгалт ангиуд энэ дайралт нь генерал Касем Сулейманий хариуг авсан болохыг сануулжээ. Мөн Сулейман ажиллагааны хүрээнд дахин хариу арга хэмжээ авна гэж заналхийлсэн байна. Ираны дээд удирдагч, аяатола Али Хаменей Ираны төрийн телевизээр танилцуулсан илтгэлдээ "АНУ болон эвслийн зэвсэгт хүчний эсрэг хийсэн дайралт амжилттай боллоо. Пуужин харваснаар АНУ-ын нүүр рүү алгадсан хэрэг юм гэж мэдэгдсэнээс гадна америк цэргүүд энэ нутгаас гарах ёстой гэв. Ираны исламын хувьсгалт ангиудын нэг даргаас балистик пуужин харвасан дайралтын үеэр АНУ-ын 80 цэрэг амь үрэгдсэн гэж "Тасним” агентлагт мэдээлсэн байна. Ирак дахь АНУ-ын цэргийн бааз руу хийсэн дайралтыг өнгөрсөн баасан гаригт Касем Сулеймани алагдсан орон нутгийн цагаар 12:00 цагт эхэлжээ.
Х.Оюунболд
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин