Энэ сарын сүүлээр Швейцарын Давос хотноо болох Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп оролцох төлөвтэй байна гэж Цагаан ордны төлөөлөгч "CNN” сувагт мэдээлжээ.
Өнгөрсөн оны эхээр АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагаа хэсэгчлэн түр зогссоны улмаас Д.Трамп Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож чадаагүй юм. Энэ оны чуулга уулзалт нэгдүгээр сарын 20-24-нд болно.
Жил тутам зохион байгуулдаг уг чуулга уулзалтад дэлхийн улс орнуудын төр, засгийн тэргүүн нар оролцдог юм. Цагаан ордноос мэдээлснээр, энэ сарын сүүлээр Давос хотноо болох уулзалтад Сангийн сайд Стивен Мнучин, Худалдааны сайд Уилбур Росс, Худалдааны зөвлөх Роберт Лайтхайзер тэргүүтэй төлөөлөгчид оролцох ажээ.