Гадаад харилцааны яамны хүсэлтийн дагуу Улсын Онцгой комиссын шийдвэрээр Монгол Улсын иргэдийг БНХАУ-ын Эрээн хотоос татан авч байгаа. Энэ сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүдийн автозамын шалган нэвтрүүлэх боомтоор 104 зорчигч, 3 жолоочийг гурван автобусаар татан авч, хилээр нэвтрүүлсэн байна.
Энэ үеэр Мэргэжлийн хяналтын байгууллага чиг үүргийн дагуу хяналт тавин зорчигчдын биеийн дулааныг хэмжин асуумж тандалт хийж, тээврийн хэрэгсэл, ачаа тээшинд ариутгал халдваргүйтгэл хийжээ. Мөн зорчигчдыг автобуснаас 5, 5-аар нь буулган ариутгал, халдваргүйтгэл хийсэн бөгөөд биеийн дулааныг тус бүр 4 удаа хэмжиж, халдварт өвчний сэжигтэй нэг зорчигчийг илрүүлэн тусгаарлжээ. Тусгаарлагдсан иргэн БНХАУ-ын Эрээн хотод хувиараа ажил хийдэг, өнгөрсөн сард хилээр нэвтрээд буцаж гарсан. Эрээн хотын худалдааны төвөөс түүхий загас авч идсэн гэх өгүүлэмжтэй аж. Замын-Үүд сумын Онцгой комиссын шийдвэрээр бусад 103 хүнийг түр хяналтад авчээ.