Оны өмнөхөн Монгол Улсын мал тооллогын дүн гарч 70.9 сая мал тоолсон гэх сайхан мэдээгээр шинэ онтойгоо золгосон.
Тэгвэл том малын зүй бус хорогдол 2020 оны 1 дүгээр сард улсын хэмжээнд 48.6 мянга болж, өмнөх оны мөн үеэс 23.0 (89.7 хувь) мянгаар өсжээ. Зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл, ямаа 20.6 мянга, хонь 21.3 мянга, үхэр 3.9 мянга, адуу 2.8 мянгаар, тэмээ 31 толгойгоор тус тус хорогдсон бөгөөд нийт хорогдсон малын 42.3 хувийг ямаа, 43.8 хувийг хонь эзэлж байгаа аж.
Улсын хэмжээнд 2019 оны эцэст тоологдсон 31.0 сая эх малын 5.5 мянга буюу 0.02 хувь нь 2020 оны 1 дүгээр сард хорогдсон байна.
Тодруулбал, Архангай, Завхан, Ховд, Сүхбаатар, Хөвсгөл аймгуудад 0.4-1.2 мянган толгойгоор хорогдсон нь нийт хорогдсон хээлтэгчийн 71.5 хувийг эзэлж байгаа бөгөөд 612 хээлтүүлэгч мал хорогдсон аж.
Хорогдсон малыг төрлөөр нь авч үзвэл, ухна 301, хуц 225, бух 50, азарга 23, ат 13-аар тус тус хорогдсон байна. Мөн улсын хэмжээнд өвчнөөр хорогдсон мал 2020 оны 1 дүгээр сард 0.5 мянган болж, өмнөх оны мөн үеэс 23 буюу 5.2 хувь толгойгоор нэмэгдсэн байна.