БНХАУ-д гарсан шинэ короновирусний дэгдэлттэй холбогдуулан "Монгол Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн дагуу зөвхөн зэсийн баяжмал болон нүүрс ачсан машинуудыг тодорхой хяналт, зохицуулалттайгаар нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн.
Өнөөдрийн байдлаар уртын тээвэр буюу Тавантолгойгоос Цагаан хад хүртэлх чиглэлд 1800 орчим жолооч нүүрс тээвэр хийж байна. Үүссэн нөхцөл байдалтай уялдуулан "Эрдэнэс Монгол” компани, түүний охин компани болох "Гашуунсухайт авто зам” ХХК –ийн зүгээс тээврийн жолооч болон ажилтнуудын эрүүл мэндэд хяналт тавьж, урьдчилан сэргийлэх үүднээс шат дараалсан арга хэмжээг авч байна.
Компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд жолооч нарт амны хаалт, гар ариутгагч шингэн, резинэн бээлий үнэгүй тараан, эмч мэргэжилтнүүд халдвараас урьдчилан сэргийлэх анхан шатны зөвлөгөө өгч байгаа аж. Энэ нь зөвхөн нэг удаагийн арга хэмжээ бус, тодорхой хугацаанд тогтмол зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн "Шуурхай зарлан мэдээлэх хэсэг” байгуулж, цаг тутам иргэдийг мэдээллээр хангаж эхэлсэн байна. Гашуунсухайт боомтоос 120 км зайд БНХАУ-ын Халиут хотод короновирусний халдвар илэрсэнтэй холбогдуулан цаг үеийн нөхцөл байдлын мэдээллийг тогтмол шуурхай авч, холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдээлэх зорилгоор тус хэсгийг байгуулан ажиллаж эхэлжээ.