Монголын иргэний агаарын тээврийн нисгэгчдийн холбоо, тус холбооны ҮЭ-ийн хорооноос Зам тээврийн хөгжлийн сайдад иргэний нисэхийн салбарт тулгамдаад байгаа асуудлаар санал хүсэлтийг илгээгээд байна. Монголын иргэний нисэхийн салбарт хэрэгжүүлэхээр товлон шуурхайлж байгаа "либеральчлал”-ыг дэлхийн зарим эрдэмтэн судлаачид том орны, томоохон компаниудад давуу боломж олгох зорилгоор хэрэгжүүлж байгаа бодлого хэмээн үздэг аж. Тиймээс даяаршиж буй энэ ертөнцөд дэлхийн нийтлэг хандлагаас гажиж хөгжсөн улс орон гэж байдаггүй боловч улс бүр өөр өөрийн хөгжлийн замтай, үндэсний онцлогийг тусгасан бодлоготой байдагчлан дэлхийн бусад орны жишиг, хэрэгжүүлсэн явц, хөгжлийн төвшинтэйгээ харьцуулан судалж үзээд дараах зүйлд анхаарлаа хандуулахыг уриалжээ.
1.Юуны урьд либеральчлалын процессыг хэзээ? Хэрхэн? Ямар үе шаттайгаар хэрэгжүүлэх вэ гэдэг төрийн бодлогын төлөвлөгөө боловсруулсан байх,
2.Агаарын тээвэрлэгчдийг Либеральчлалд бэлтгэх цогц хөтөлбөр боловсруулсан байх,
3.Иргэний нисэхийн салбарын эрх зүйн өөрчлөлтийг хэрэгжүүлсэн байх,
4.Агаарын тээвэрлэгчдийн болон нисэхийн салбарын тогтворжсон дэд бүтэцтэй болсон байх,
5.Агаарын тээвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг өнөөгийн төвшнөөс чанарын дээд төвшинд хүргэсэн байх,
6.Инженер техникийн ажилчид, нисгэх бүрэлдэхүүний боловсон хүчний нөхөн хангалтын нэгдсэн бодлого, хөтөлбөртэй болж, түүнийгээ хэлбэрэлтгүй мөрддөг сахилга батыг хэвшүүлсэн байх,
7.Иргэний нисэхийн салбар нэгж, агаарын тээвэрлэгч бүр хүний нөөц, боловсон хүчний бодлогоо боловсруулж, бэлтгэгдсэн хүний нөөцөө чадваржуулах, чанаржуулах, хадгалах бодлогыг чанд мөрддөг болсон байх,
8.Мэргэшүүлэн бэлтгэхэд цаг хугацаа, хөрөнгө үлэмж шаардагддаг нарийн мэргэжлийн боловсон хүчний нийгмийн асуудлыг шийдэж чаддаг болсон байх,
9.Агаарын тээвэр гэдэг нарийн цогц салбарын үйл ажиллагаанд улс төрийн оролцоо, хувь этгээдийн ашиг сонирхолыг хазаарладаг эрх зүйн орчин бүрдүүлсэн байх,
Тэгвэл өнөөгийн Монголын иргэний агаарын тээврийн хөгжил дээрх шаардлагыг хангасан билүү? Монголын иргэний агаарын тээврийн нисгэгчид тодорхой төвшний бэлтгэл хангагдаагүй,эрх зүй, эдийн засгийн сууриа бэлтгээгүй энэ үед "либеральчлал”-ыг шууд хуулбарлан, яаравчлан хэрэгжүүлэхийн эсрэг байр суурьтай байгаагаа ийн мэдэгдээд байна.