Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар, "Онцгой байдлын байгууллагад агаараас аврах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай автомашин нийлүүлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг дэмжиж гарын үсэг зурах эрхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт олгов.
Монгол Улс, Франц улсын Санхүүгийн хэлэлцээрийг УИХ-ын нэгдсэн чуулганы 12 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар баталсан юм. Уг хэлэлцээрт Монгол Улсын Онцгой байдлын байгууллагад агаараас аврах нэгж байгуулах, тоног төхөөрөмжөөр хангах хөрөнгийг Франц улсын Засгийн газрын 57.9 сая еврог нэн хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэхээр тусгасан. Харин дээрх төслийн хүрээнд Францын төрийн сангийн "Натиксис” банк 57.9 сая еврогийн хөнгөлөлттэй зээл олгох бөгөөд эхний 10 жилд үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөн 30 жилийн хугацаанд жилийн 0.08 хувийн хүүтэйгээр төлөхөөр тохиролцжээ.
Дээрх хөрөнгөөр Онцгой байдлын байгууллагад агаараас аврах нэгж байгуулахаас гадна "Airbus ЕС-145" загварын гурван нисдэг тэрэг, сургалтын бага оврын нэг нисдэг тэрэг нийлүүлж, симулятор, ангар, шатахуун цэнэглэх, хүйтний нөхцөлд нефть хадгалах станц байгуулах юм. Үүнээс гадна обьектын түймэр унтраах 42 ширхэг тусгай тоноглолтой автомашин олгохын сацуу нисдэг тэрэгний нисгэгч, механикч, авианикч, ослын үеийн яаралтай тусламж үзүүлэх эмч бэлтгэх юм байна.