"Говийн зэрэглээ” киноны нисгэгчийн дүрд тоглодог алтан үеийн жүжигчдийн нэг бол Д.Гүрсэд гуай юм. Олон сайхан киноны дүрийн эзэн тэрээр хүүхдүүдээ ч урлагт холбожээ. Түүний хүү Г.Тулга аавынхаа урлагийн авьяасыг өвлөн авч дуучин мэргэжил эзэмшиж урлагт цахиур хагалж яваа. Тэрээр 2010 онд СУИС-ийг дуурийн дуулаач мэргэжлээр төгсөж, Дуурийн театрт дуулаачаар ажиллаж байгаа залуу үеийн шилдэг дуучин.
Мэргэжлийн дуучин хэмээх алдрыг зүүсэн 8 жилийнхээ ажил бүтээлийн тайланг сонсогч фэнүүддээ дэлгэх цаг болсон хэмээн үзэж өөрийн үеэл ах дуучин Ж.Бямбадэлгэртэй хамтран "Миний сонсож өссөн дуунууд” тоглолтоо хийхээр төлөвлөсөн нь энэсарын 28-нд болох аж.
Дуучин Г.Тулгын хувьд "Гэрлэж амжаагүй явна”,"Намрын дурсамж” зэрэг сонсогч, үзэгч бидний сонсох дуртай дуунуудыг шинэчлэн дуулсан нь сонсогчдын таашаал хүлээгээд байгаа юм. Харин дуучин Ж.Бямбадэлгэр поп дууны ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхтэй нэгэн тэрээр "38-тай аав”, "Чиний явдаг замаар”,"Наран ивээлт аав” зэрэг олон уран бүтээлээ нийтэд хүргэсэн уран бүтээлч.
"UB place”-ийн концертын их танхимд ганцхан удаа тоглогдох тус тоглолтонд урилгаар Дуучин Ц.Мөнхбат, М.Үүрцайх, уран нугараач Б.Золбоо, М.Мөнхшүр, Б.Наранцогт, Улсын филармоны хөгжимчид оролцоно гэжээ.