"COVID-19” коронавирусний халдварын тархалттай холбогдуулан АНУ, БНСУ цэргийн хамтарсан сургуулиа хойшлуулсан талаар БНСУ-ын Штабын дарга нарын хороо болон БНСУ дахь АНУ-ын Зэвсэгт хүчин лхагва гарагт мэдээлжээ.
БНСУ-ын Зэвсэгт хүчинд коронавирусний халдварын 21 шинэ тохиолдол бүртгэгдэж, БНСУ дахь АНУ-ын 28 мянга гаруй цэргийн дунд вирусээр халдварласан 1 тохиолдол бүртгэгдсэний дараа дээрх мэдэгдлийг гаргасан байна. Уг цэргийн сургуулийг энэ оны эхний хагаст хийхгүй бөгөөд тодорхой товыг хараахан гаргаагүй байгаа ажээ.
БНСУ-д пүрэв гарагийн байдлаар коронавирусний халдварын 1600 орчим тохиолдол бүртгэгдэж, тус улс халдварын тархалтын үзүүлэлтээр БНХАУ-ын араас бичигдэж байгаа юм. Мөн БНСУ-д цэргийн алба хаагчид коронавирусээр халдварласантай холбогдуулан олон мянган цэргийг хөл хорионд оруулсан байна.