БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Инийг хариуцлага алдсаных нь төлөө албан тушаалаас нь огцруулахыг /импичмент/ шаардсан өргөдөлд тус улсын 400 мянга гаруй иргэн гарын үсэг зуржээ.
Телевизийн "KBS” сувгаар мэдээлснээр, Ерөнхийлөгчийн тамгын газрын цахим хуудсанд байрлуулсан өргөх бичигт 200 мянга гаруй хүн гарын үсэг зурсан тохиолдолд эрх баригчид гуравдугаар сарын 4-нөөс өмнө хариу өгөх ёстой байна.
Хөрш оронд дэгдсэн шинэ төрлийн коронавируст халдварт өвчин тархсаны дараа хилээ хааж, зорчигчдын урсгалыг зогсоогүй гэж Өмнөд Солонгосын ард иргэд Засгийн газраа буруутгажээ. "Мүн Жэ Ин Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч биш, харин Хятад улсын дарга шиг аашилж байна” гэж өргөдөл гаргагчид мэдэгдсэн байна. "БНСУ-ын Ерөнхийлөгч ард түмнээ хамгаалах үүрэгтэй. Хэрэв тэр ард иргэдийнхээ аюулгүй байдлыг бодсон бол Хятадтай хилээ бүрэн хаах ёстой байсан. Амны хаалтны хомсдол үүсч, үнэ нь хөөрөгдсөнийг зогсоох арга хэмжээ авахын оронд Мүн Жэ Ин Хятад руу 3 сая амны хаалт илгээсэн” гэж тэд мэдэгджээ.
Хамгийн сүүлийн мэдээллээр, БНСУ-д коронавирусний халдвар авсан хүний тоо 1595-д хүрч, 12 хүн нас барсан байна. Халдварын нийт тохиолдлын дийлэнх нь Дэгү болон тус хоттой зэргэлдээ оршдог Умард Кёнсан мужид бүртгэгджээ.