Сөүл хотын эрх баригчид өнгөрсөн ням гарагт "Шинчонжи сүм” шашны бүлэглэлийн 12 удирдагчийг хүний аминд хүрсэн, бусдад хор хөнөөл учруулсан, халдварт өвчний тархалтад хяналт тавих хуулийг зөрчсөн хэмээн буруутгаж, тэдний эсрэг прокурорын газар гомдол мэдүүлжээ.
БНСУ-д коронавирусний халдварын дэгдэлт Дэгу хотоос эхэлсэн юм. Харин энэ хотод тус шашны бүлэглэлийг дагагчид шашны зан үйл хийх үеэрээ бие биедээ коронавирусний халдварыг тараажээ. Удалгүй вирус орон даяар тархаж эхэлсэн байна.
Прокурорын газарт гомдол мэдүүлсэн нь улс орон энэхүү шашны бүлэглэлийг улам жигшин зэвүүцэж байгааг харуулж байна хэмээн "Би-би-си” телевизийн сурвалжлагч Лора Бикер ярьжээ.
Эрх баригчид энэ шашны бүлэглэлийн 230 мянган хүнд үзлэг хийхэд 9 мянга орчимд нь коронавирусний шинж тэмдэг ажиглагджээ. Өдгөө 88 настай шашны бүлэглэлийн удирдагч Ли Ман Хи коронавирусний шинжилгээ өгсөн бөгөөд одоогоор шинжилгээний хариу нь гараагүй байгаа аж.
"Covid-19” вирусний тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ болгон БНСУ-д бүх католик сүмийг хаажээ. Түүнчлэн олон нийтийн арга хэмжээнүүд, тэр дундаа алдарт "BTS” хамтлагийн тоглолтуудыг цуцалсан байна.
БНСУ-д католик сүмд цуглардаг хүмүүсийг нийтэд нь авч үзвэл 5.8 сая орчимд хүрдэг бөгөөд католик шашин нь тус улсад хамгийн олон хүнийг хамардаг шашнуудын нэг аж.
Коронавирусний тархалттай холбоотойгоор нийт 1734 сүмд мөргөл хийх өдрүүдийг 3 дугаар сарын 7 хүртэл цуцлаад байгаа аж. Энэ нь БНСУ-д католик шашнаа шүтэж ирсэн 236 жилдээ тохиож байгаагүй явдал юм. Үүнээс гадна өөр олон шашны газрууд тодруулбал, протестант болон буддын сүмүүд ням гарагийн үйлчилгээнүүдээ цуцалжээ.
Коронавирусний өвчний дэгдэлтийн тоогоор БНСУ Хятадын араас жагссан юм. Тус улсад Өвчний халдварын 4212 тохиолдол бүртгэгдсэнээс 21 хүн нас баржээ. Халдвар авсан хүмүүсийн тал гаруй хувь нь Шинчонжи сүмийн сургаалийг даган баясагчид аж.
Montsame.mn