НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн орлогч Марк Лоукок коронавирусний тархалттай тэмцэх арга хэмжээ авах хүрээнд яаралтай тусламжийн сангаас 15 сая ам.доллар гаргахыг зөвшөөрчээ. Энэ тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик мэдэгдсэн байна.
"Энэ мөнгийг вирусний тархалтад хяналт тавих, халдварын тохиолдлуудыг нарийн шалгах, үндэсний лабораториудын үйл ажиллагааг санхүүжүүлэх арга хэмжээнд зориулж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон НҮБ-ын Хүүхдийн санд шилжүүлнэ. Халдварын тохиолдлуудыг илрүүлж, хөл хорионы арга хэмжээг зохион байгуулах, өвчтөнүүдэд тусламж үзүүлэх, коронавирус илэрсэн хүмүүстэй ойр хавьталтай байсан хүмүүсийг олж тогтоох, тусгаарлах арга хэмжээнүүдийг даруй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна” хэмээн тэрбээр онцлон тэмдэглэжээ.
Montsame.mn