Өнгөрсөн өдрүүдэд угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон гэх дуудлага таван өрхөөс Яаралтай түргэн тусламжийн төвд ирж, гэрээр эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөгөө мэдээлэл авчээ.
Нийслэлийн хэмжээнд обьектын гал түймрийн дуудлага өнгөрсөн оны мөн энэ үеийнхтэй харьцуулахад 39 хувиар, гал түймэр, гамшиг ослын дуудлага 35 хувиар тус тус буурсан талаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй мэдээллээ. Мөн хаврын улирал эхэлж байгаатай холбогдуулж хуурайшилт ихэсдэг тул гал түймрээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд сэрэмжлүүлэв.
Агаарын чанарын хувьд өнгөрсөн оны мөн энэ үеийнхтэй харьцуулахад PM10 хэмжээтэй тоосонцрын хэмжээ 80 хувиар, PM 2.5 хэмжээтэй тоосонцор 70 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.
Дэлхий нийтэд тархаад буй коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийслэлийн удирдлагууд зохион байгуулалттай арга хэмжээг авч ажиллаж байгаа. Шалган нэвтрүүлэх товчоодод нийслэлийн Цагдаагийн газар, НМХГ, НОБГ, Мал эмнэлгийн газар, НЭМГ-ын 200 гаруй албан хаагч эрүүл мэндийн тандалт судалгаа хийж, зөвлөмж мэдээллийг хүргэж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт түүхий нүүрстэй холбоотой зөрчил илэрээгүй, шалган нэвтрүүлэх товчоодод коронавируст сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй гэдгийг НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн онцоллоо.
Эх сурвалж Montsame.mn