Эрүүл мэндийн тогтолцоо муутай орнуудад коронавирусний халдварын тохиолдол нэмэгдэж буйд санаа зовниж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ тэргүүн Тедрос Адханом Гебрейесус Швейцарын Женев хотод пүрэв гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
Одоогийн нөхцөл байдал цаашид "цар тахлын хэмжээнд хүрч болзошгүй” байгааг Т.Гебрейесус анхааруулжээ. Мөн тэрбээр зарим оронд тархалтыг "хязгаарлах боломжтой байдал” ажиглагдаж байгаа тул бууж өгөхгүйгээр "бүх талыг хамарсан арга хэмжээнүүд”-ийг хэрэгжүүлэхийг улс орнуудад уриалсан байна.
Уг хэвлэлийн бага хуралд оролцсон ДЭМБ-ын Эрүүл мэндийн онцгой байдлын хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Майкл Райан мөн БНАСАУ-ын нөхцөл байдлын талаар дурджээ.
"БНАСАУ халдвар тархсан бүс нутгийн төвд оршдог тул эрсдэл өндөр байгаа бөгөөд тус улсад халдвар илэрсэн тохиолдолд ДЭМБ мэргэжилтнүүдээ илгээхэд бэлэн байна” гэж М.Райан хэлжээ. Халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн БНХАУ, БНСУ-тай хил залгаа оршдог БНАСАУ-д халдвар илрээгүй байгаа юм.
Montsame.mn