Шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх ажилд дэмжлэг үзүүлэхээр иргэд, байгууллагаас ирж буй хандивын зарцуулалтыг олон нийтэд ил тод мэдээлэх зөвлөмжийг Авлигатай тэмцэх газраас хүргүүлжээ.
Зөвлөмжийг энэ сарын 05-ны өдөр Монгол Улсын шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал нарт хүргүүлсэн байна.
Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд бэлэн мөнгө, эд материал өгөх, үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэх зэрэг хандивыг Улсын онцгой комисс, эрүүл мэнд, онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагуудад сайн дурын үндсэн дээр өгч байна.
Иймд дээрх хэлбэрээр нийтийн албанд өгсөн сайн дурын хандивыг хүлээн авах, захиран зарцуулахдаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг чанд мөрдөх, орлого, зарцуулалтын талаар иргэд, олон нийт нээлттэй мэдээлэл авах нөхцөл боломжийг бүрдүүлэх, тусламж, хандивын орлогыг холбогдох журмын дагуу бүртгэж, гүйцэтгэлийн тайлан гаргах, хууль тогтоомж зөрчиж авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх юм.
Тусламж, хандивын зарцуулалт ил тод, нээлттэй болсноор аливаа авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэхээс сэргийлэх, олон нийтийн итгэл батжих ач холбогдолтой гэж АТГ-аас мэдээллээ.
Ням гарагийн байдлаар бэлэн мөнгөөр цугласан хандив нэг тэрбум төгрөгт хүрээд байгаа бөгөөд хандивыг хамгаалах хувцас хэрэглэл худалдан авах болон эмч, ажиллагсдын илүү цагийн хөлсийг олгоход зарцуулна хэмээн УОК-оос мэдээлсэн юм.
Эх сурвалж: Erennews.mn