Тодруулвал Монгол Улсад шинэ коронавирусын халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор худал, ташаа мэдээлэл олноор түгээгдэж иргэдийг бухимдуулж, төөрөгдүүлэх хандлага ажиглагдаж, түүнийг дагасан олон сөрөг асуудал үүсч болзошгүй нөхцөл байдал гарсан учир урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газар, УОК–оос холбогдох албан тушаалтнуудад даалгасан билээ.
Улмаар зөвхөн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс, Эрүүл мэндийн яамнаас Засгийн газар, УОК, ЭМЯ, ХӨСҮТ-ийн явуулж буй үйл ажиллагаа, гаргасан шийдвэрийн талаарх албаны үнэн бодит мэдээллийг иргэдэд мэдээллийн нэг урсгалаар өгч байхыг үүрэг болгосон юм.
Иймд өндөржүүлсэн бэлэн байдлын үед шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх мэдээ, мэдээллийг өмчийн төрөл хэлбэрээс үл хамааран шуурхай үнэ төлбөргүй, цаг алдалгүй хүргэж байхыг ХХЗХ-оос телевиз радио, веб сайтын үйлчилгээ эрхлэгчид болон ард иргэдэд хандан анхааруулж, тухайн хэвлэлийн байгууллагуудад анхааруулгыг албан бичгээр хүргүүлжээ.
Мөн ХХЗХ, ЦЕГ-ын Нийтийн Хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас веб сайтын үйлчилгээ эрхлэгчдэд шинэ төрлийн коронавирусын халдвартай холбоотой мэдээ, мэдээллийг нийтлэсэн тохиолдолд уншигчдад сэтгэгдэл бичих боломжгүй тохиргоотойгоор сүлжээндээ байрлуулж, иргэд олон нийтийг төөрөгдүүлсэн, айдаст автуулсан, илт худал мэдээ мэдээлэл тавихгүй байх, үзэн ядалт, ёс бус үг хэллэг зэргийг дэвэргэхгүй байхыг анхааруулж тусгайлан шаардлага хүргүүлсэн байна.
Түүнчлэн жиргээ/twitter/, нүүрном/facebook/-д олон нийтийн эрх ашигт хохирол учруулахуйц худал, хуурмаг мэдээлэл түгээсэн аливаа этгээдийг ЦЕГ, ХХЗХ хамтран илрүүлж, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх цаашлаад Фейсбүүк компанийн Ази Номхон далайн бүс нутгийн төвөөр дамжуулан тус хаягийг устгаж, Монгол Улсын хуулийн дагуу тухайн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэж ажиллах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.