ЗТХЯ-ны хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын даргаар ажиллаж байсан эрхэм ангийн анд Т.Гомбосүрэн чинийхээ араас бид уйлан, харамсан гашуудаж байна.
Цэл залуухан хөрөг зургийн чинь өмнө бадамлах зулын дор бид өр зүрхээ эмтлэн байж гашуудаж байна.
Эрдмийн ширээний ард тохой нийлүүлэн сууж байсан үе дөнгөж саяхан шүү дээ.
Нэг ангийн андууд болон нөхөрлөж явах хугацаандаа ажилч хичээнгүй, нягт нямбай , төлөв даруу, шударга зантай, ахмад настан, эцэг, эх, гэр бүл, найз нөхөд, хамт олноо дээдэлж хүндэтгэсэн ёс зүйтэй төрийн жинхэнэ албан хаагч байсныг чинь бид мэднэ ээ.
Анд минь чи аавын сайхан хүү, ээжийн энхрий үр, амраг ханийнхаа түшиг, тулгуур болсон ноён нуруутай эр нөхөр, алаг үрсийнхээ эцэг, гал голомтын эзэн, уужуу сэтгэлтэй, урт ухаантай эр хүн байсан.
Энэ бүгдийгээ орхин чи минь дэндүү эрт яарч явлаа. Бид маш ихээр харамсч байна.
Хожмын өдөр ингэж чинийхээ хойноос эмгэнэл бичиж сууна гэдгээ мэдэхгүй, бие биенээ дуудан уулзалдаж, нөхөрлөж явсан цаг, мөчүүд одоо бид бүгдийн сэтгэлд дурсамж болон үүрд хадгалагдлаа.
Анд минь чи энэ хорвоод хийж гүйцэтгэж амжаагүй бүхнийхээ төлөө бүү харуусаарай!
Ангийн нөхдүүд бид чинь чадах ядхаараа хүслийг чинь гүйцээх болно.
Амраг хань, алаг үрсийг чинь харж, хайрлаж явах аав, ээж, ах, дүү, бас анд нөхөд чинь байна. Үргэлж бид ар гэрт чинь санаа тавьж, тусалж, дэмжиж явах болно. Санаагаа бүү зовоогоорой
Бидний амлаж чадах зүйл энэ л байна.
ТАЙВАН НОЙРСОЖ БУРХАНЫ ХУТГИЙГ ОЛООРОЙ АНД МИНЬ.
Удирдлагын академи, Удирдахуйн ухааны сургууль, Төрийн удирдлагын
2018 оны магистрийн ангийн хамт олон.