Тэс сумын Нуур багийн малчин Н.Болд Увс нуураас 500 метрийн зайд Баруун шугам гэх газарт цасан хашаа барьж, малаа төллүүлж байна. Уг хашаа нь 20х8 хэмжээтэй, хааш хаашаагаа нэг метр өргөнтэй бөгөөд 350 гаруй бог мал төллөх багтаамжтай аж. Одоогоор эдний 100 гаруй бог мал төллөөд байна.
"Манайх мянга гаруй малтай бөгөөд энэ жил 350 гаруй бог мал төллүүлнэ. Энэ сарын 18-нд Баруун шугамд нүүж ирсэн. Цасаар хашаа бариад 5 хонож байна. Одоо эндээ 10 хонож, малаа төллүүлж дуусаад нүүнэ. Цасан хашаа маань хайлчихгүй тэр хүртэл тэсэх байгаа хэмээн найдаж байна. Увс нуурын мөсөн дээгүүр малаа тууж, дараагийн бууриндаа бууна” хэмээн малчин Н.Болд хэллээ.
Тэс сумын мянгат малчин Нинжийн Болд нь энэ жил "Аймгийн аварга малчин” болсон байна. Тэрбээр 1997 онд Л.Цэцэгмаатай гэр бүл болсноос хойш 23 жил мал маллаж байгаа аж. Ам бүл зургаа бөгөөд том охин нь оюутан, дунд хүү нь малчин, нөгөө хоёр нь сурагч. Эднийх Увс нуурын хөвөө, Тэсийн голын адаг дагуу мал маллаж ирсэн бөгөөд жилдээ 10 гаруй нүүдэл хийдэг аж.
"Энэ жилийн хувьд цас багатай, дулаахан сайхан өвөл боллоо. Нийтдээ 40 тэмээн өвс бэлдэж авсныгаа дууссан. Хаваржаандаа 10 гаруй хоноод Нуурын хөвөөнд нүүж ирлээ. Мал төллөх үеэр туслах малчин авдаг байсан бол энэ жил оюутан, сурагчдыг амраасан тул туслах хүн хүчтэй санаа амар малаа төллүүлж байна” хэмээн "Аймгийн аварга малчин” Н.Болдын гэргий Л.Цэцэгмаа хэллээ.