БНХАУ-ын иргэд 1.3 сая ам.долларыг хуулийнханд өгөх гэж байгаад баригдсан гэх хэргийг АТГ-аас шалгаж буй. Уг хэрэгт цагдаагийн хурандаа болон АМГТГ-ын дарга нар холбогдсон, УИХ-ын хоёр ч гишүүн холбоотой гэх мэдээлэл цацагдсан. Тиймээс АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалагаас сүүлийн үед гарч байгаа мэдээллүүдийн мөрөөр зарим зүйлийг тодруулав.
-Өнөөдөр ТЕГ-аас Голомт хотхонд ажиллагаа явуулах үеэр 1.3 сая ам.долларыг оруулж ирсэн хятад иргэдийг баривчлах гэж байна гэсэн мэдээлэл тарлаа. 1.3 сая ам.долларын асуудлыг АТГ шалгаж байгаа. Тэгэхээр АТГ энэ ажиллагаанд оролцсон уу?
-АТГ-аас өнөөдөр Голомт хотхонд 1.3 сая ам.долларын асуудлаар тагнуул болон цагдаагийн байгууллагатай хамтран ямар нэгэн ажиллагаа, баривчилгаа хийгээгүй. Тэгэхээр энэ мэдээлэл худал.
-1.3 сая ам.долларыг хуулийн байгууллагын албан тушаалтны гэрээс олдсон гэж сүүлийн үед хэвлэлээр мэдээлж байна. Энэ талаар тайлбар өгнө үү.
-Юуны өмнө албан ёсны эх сурвалжид тулгуурлаж зөвхөн үнэн бодит мэдээллийг иргэд, олон нийтэд түгээж байхыг зарим сонин, телевиз, сайтын сэтгүүлчдээс хүсье. УИХ-ын нэр бүхий хоёр гишүүн, дүүргийн прокурор, цагдаагийн удирдах албан тушаалтан, ашигт малтмалын газрын дарга гэх зэргээр сонин хэвлэлд тодорхой нэр дурдан мэдээлж байгаа нь огт үндэслэлгүй юм. Зарим хэвлэлээр бичээд байгаа шиг дээрх нэр дурдсан хүмүүсийн орон байрнаас 1.3 сая ам.доллар хурааж аваагүй. Энэ тухай АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог хэвлэлийн хурал дээр маш тодорхой хариулт өгсөн. Үүнийг манай сэтгүүлчид мэдэж байгаа.
-Тэгвэл 1.3 сая ам.долларыг хэний гэрээс хурааж авсан юм бэ? Энэ тухай албан ёсны мэдээлэл өгөөч?
-Цагдаагийн байгууллагаас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн зарим шинжээчийг хуурамч дүгнэлт гаргасан гэх асуудлаар шалгаж байх явцад нэр бүхий энгийн иргэнээс бусдад хахууль өгсөн байж болох үйлдэл илэрсэн. Хахуулийн асуудлыг АТГ хамтарч шалгах ёстой болсон. Ингээд авлигатай тэмцэх болон цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсгийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн орлогч дарга ахлан шалгаж байгаа. Ийнхүү шалгах явцад дээрх нэр бүхий энгийн иргэнээс шинээр хээл хахуулийн үйлдлийг илрүүлж, 1.3 сая ам.долларыг хураан авсан. Одоо энэ хэргийг нарийвчлан шалгаж байна.
-Нэр бүхий энгийн иргэн гэдэг нь албан тушаалтан биш юм уу? Энэ тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Ямар нэгэн албан тушаалтан биш. Төрийн албан хаагч ч биш, энгийн иргэн. Хэргийг нарийвчлан шалгаж байгаа тул илүү мэдээлэл өгөх боломжгүй байна.
Б.Анир