Тайландын Засгийн газар коронавирусний халдварын тархалтыг хяналтад авахын тулд орон даяар онцгой байдал зарлалаа. Өнөөдрөөс хэрэгжиж эхэлсэн энэхүү арга хэмжээ ирэх дөрөвдүгээр сарын 30 хүртэл үргэлжилнэ.
Тайландад сүүлийн дөрвөн хоног дараалан өдөрт 100-гаас олон халдварын тохиолдол бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүний тоо 934-т хүрчээ. Засгийн газрын шийдвэрийн дагуу гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэхийг хориглосон бөгөөд үүнд дипломатчид болон ажиллах зөвшөөрөлтэй хүмүүс хамааралгүй ажээ.
Мөн муж хоорондын зорчих хөдөлгөөнийг зогсоож, таваас доош, 70-аас дээш насны хүмүүсийг гадуур гарахгүй байхыг уриалсан байна. Түүнчлэн эмнэлгийн хэрэгсэл, хүнсний бүтээгдэхүүнийг нөөцлөх, эмх замбараагүй байдал үүсгэж болзошгүй буруу ташаа мэдээлэл тараахыг хоригложээ.