Говь-Алтай аймгийн Шарга сумын Баянгол багийн малчин Чойжилын Түмэннастын "Төхөм тунгалагийн хүрэн” үүлдрийн тэмээн сүргийн хүрэн ингэ нь гуравдугаар сарын 11-ний өдөр дөрөв дэх удаагаа ботголж эр, охин ихэр ботго гарсан юм.
Ингэ ботголсон тухай "Айлтгал”-ыг Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Ганбат гуравдугаар сарын 25-ны өдөр өргөн барилаа. Айлтгал гардуулах үеэр аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Ганбат аймгийн хаваржилт, мал төллөлт, нийгэм, эдийн засгийн болон бусад асуудлаар мэдээлэл хийсэн бол Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Алтай нутгийн нийт зон олонд хандан мэндчилгээ дэвшүүлээд тодорхой үүрэг, чиглэл өгч ажлын амжилт хүслээ.
Монголчууд эрт дээр үеэс ингэ ихэрлэх нь төрийн ажил тэгшрэх, сайн цагийн эхлэл эр, охин хоёр ботго гарсан нь мал сүрэг, тэр тусмаа тэнэгэр говийн эзэн тэмээн сүрэг өсөн үржихийн бэлгэдэл хэмээн дээдэлж ирсэн уламжлалтай.