УИХ-ын гишүүн О.Баасанхүү сонгуулийг хойшлуулах ерөнхийлөгчийн саналыг дэмжихгүй гэдгээ мэдэгдлээ.
Тэрээр "Сонгуулийн төсөв 20 тэрбум байдаг. Төр учраас мэдээж сонгуульд төсөв гаралгүй яахав.
Хойшлуулсан ч гэсэн нэг өдөр сонгууль хийнэ. 20 тэрбум гэдэг нь зүгээр санаанаасаа гаргасан тоо биш. Тэнд ажиллах төрийн албан хаагчдын цалин учраас хэмнэх ямар ч боломж байхгүй.
Үүний оронд харамсалтай хэдий ч цэцэрлэгийн багш нарт нөүтбүүк өгөхөө хойшлуулчих, нэн шаардлагатай биш барилга байгууламжаа хойшлуулаад л шийдэж болно.
Монгол улсад оршин суугаа иргэдээс COVID-19 халдвар гараагүй, гаднаас зөөвөрлөгдөж орж ирсэн. Монгол улсад тархаагүй байна. Тиймээс сонгуулийг хойшлуулах нь утгагүй хэрэг. Магадгүй коронавирус газар авч, ерөнхийлөгч хөл хориог чангатгах болсонтой холбогдуулан сонгуулийг хойшлуулж болно. Харин эдийн засгийн нөхцөл байдлаас болоод хойшлуулна гэвэл энэ байж болохгүй. Эдийн засгийг их хурлын шинэ, цэвэрхэн, хулгайч биш, худалч биш хүмүүс авч явах хэрэгтэй.
Олимп оролцох тамирчингүй болсон учраас хойшлуулсан. Сонгуульд оролцох иргэнгүй бол сонгуулийг хойшлуулж болно. Өнөөдөр ийм нөхцөл үүсээгүй байна.
Монгол улсад онц байдал зарлаагүй байна. Онц байдлыг зөвхөн улсын их хурал зарладаг. Монгол улсын ерөнхийлөгч үнэхээр л хүнд хэцүү байгаа гэж харж байвал улсын их хуралд онц байдал зарлах тогтоолоо өргөн барих хэрэгтэй.
Миний зүгээс сонгуулийг хойшлуулахыг дэмжихгүй. Дөрөвдүгээр сарын 6-нд УИХ-ын чуулган эхэлнэ. Эртхэн сонгуулиа хийгээд юу ч хийгээгүй бол дүнгээ тавиулаад явцгаах саналтай байна” гэлээ.