Энэ жилээс НӨАТ-ын буцаан олголтыг улиралд тутамд олгохоор болсон. Үүнтэй холбоотойгоор 2020 оны нэгдүгээр улирлын худалдан авалтын төлбөрийн баримтаа 2020 оны дөрөвдүгээр сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авах юм.
НӨАТ-ын тухай хуулд заасны дагуу албан татвар төлөгчийн тухайн улиралд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг урамшуулал хэлбэрээр буцаан олгож байгаа билээ. Хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг улирал тутам олгож байхаар зохицуулсан.
Албан татвар төлөгчид буцаан олголтыг дараах нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд олгоно. Үүнд:
Албан татвар төлөгч нь тухайн улирлын сүүлийн өдрийн 00:00 цагаас өмнө худалдан авсан төлбөрийн баримтын мэдээллийг дараагийн улирлын эхний сарын 8-ны дотор Цахим татварын системд /https://ebarimt.mn/ бүртгүүлсэн байна. /НӨАТ төлөгчийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг буцаан олгох журмын 4.6/
Татварын алба нь тухайн улиралд олгох буцаан олголтын дүнг дараа сарын 10-ны өдрийн дотор албан татвар төлөгч бүрээр бүртгэлийн системээс гаргаж, баталгаажуулан, албан татварыг буцаан олгуулах саналын хамт татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.