Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, ХБНГУ-ын Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд 55 сая еврогийн буцалтгүй тусламж олгохоор боллоо.
Монгол Улсыг төлөөлж Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, ХБНГУ-ын талаас Холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны газрын дарга Катрин Оллерс нар 55 сая еврогийн төсөл, хөтөлбөрийн хэлэлцээрт гарын үсэг зурсан юм.
Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт хэлэхдээ,"Монгол ХБНГУ-тай 25 жил хамтран ажиллаж байна. Бид хоёр жил тутамд хэлэлцээрээ шинэчилдэг. Энэ жилийн хувьд ХБНГУ-аас 55 сая еврогийн буцалтгүй тусламжийг авахаар болж байна. Хэлэлцээрийн үр дүнд биологийн олон янзын хадгалах, эрчим хүч, уул уурхай боловсрол зэрэг салбарт дээрх буцалтгүй тусламжийг зарцуулахаар төлөвлөөд байна” гэв.
ХБНГУ-ын Холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны газрын дарга Катрин Оллерс ярихдаа, "Монгол Улсад нэн тэргүүний шаардлагатай ач холбогдол бүхий төслүүдэд санхүүжилт олгохоор шийвэрлэсэн. Юуны түрүүнд боловсролын салбарт мэргэжлийн боловсрол хөгжлийн сургалтын төсөлд, хоёрдугаарт, Герман Монголын хамтарсан ашигт малтмал, технологийн дээд сургуульд технологи, санхүүгийн хөрөнгө оруулалт олгохоор шийдвэрлэсэн Мөн Боловсролын салбарт 8 сая гаруй еврогийн хөрөнгө оруулалт өгөхөөр тохиролцлоо. Улмаар биологийн олон янз байдлын салбарт хөрөнгө оруулснаар Монгол Улсын тусгай хамгаалалтай газуудыг хамгаалах, тэнд амьдарч буй орон нутгийн хүн амын амьжиргааг дээшлүүлэхэд чиглэж байна. Санхүүгийн хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатарын гэр хорооллын сургууль, цэцэрлэгийн байгууламжийг дулаалахад хөрөнгө оруулахаар төлөвлөсөн. Ингэхдээ сургууль, цэцэрлэгийн дотоод агаарын чанарыг сайжруулахад анхаарна. Сургууль, цэцэрлэгийн дотоод агаар сайжирсанаар хүүхдүүд дулаан, цэвэр орчинд сурах боломж бүрдэнэ” хэмээв.
ХБНГУ хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд манай улсад 1990-ээд оноос буцалтгүй тусламж олгож эхэлсэн бөгөөд нийт 400 сая еврогийн хөрөнгө оруулсан байна.
Б.Ариунзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг