Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа олон улсын хөтөлбөртэй "Монгол тэмүүлэл” сургуулийн хичээлийн шинэ байрны барилгын ажил өнөөдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт эхэллээ. Барилгын ажлыг эхлүүлэх арга хэмжээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр, Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир, Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн газрын дарга Ч.Энх-Амгалан нар оролцож, гүйцэтгэгч компанийн барилгачдад амжилт хүслээ.
БСШУС-ын яам 2020 онд улсын хэмжээнд 40 гаруй сургуулийг ашиглалтад өгөх бөгөөд тэдний 15 нь гадаадын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр нийслэлд баригдаж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэлд баригдах томоохон сургуулиудын нэг нь 640 хүүхдийн суудал бүхий "Монгол тэмүүлэл” юм.
Хүн амын төвлөрөл ихтэй Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд "Монгол тэмүүлэл” сургуулиас гадна тус хорооны хүүхдүүдийг хамран сургах 133 дугаар сургуулийн 920 хүүхдийн суудал бүхий шинэ барилгын ажил өнгөрөгч онд эхэлсэн. Мөн эдгээр сургуулийн дэргэд 320 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилга баригдах бөгөөд гүйцэтгэгч нь шалгараад байна.
"Монгол тэмүүлэл” сургуулийн барилгын ажлыг "Батс-Өргөө” компани гүйцэтгэх бөгөөд ирэх есдүгээр сарын 1 гэхэд шинэ сургуулийг ашиглалтад оруулахаар ийнхүү эхлүүллээ. Тус компани 2019 онд нэг ээлжиндээ 1500 хүүхдийн суудалтай 21 дүгээр сургуулийн шинэ барилгыг хугацаанаас нь өмнө ашиглалтад өгч байсан юм.