Монгол Улсын Eрөнхий сайд У.Хүрэлсүхийн тариалангийн бүс нутагт хийж буй томилолт Сэлэнгэ аймагт үргэлжиллээ.
Сэлэнгэ аймгийн хэмжээнд газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг үр тарианы 350 аж ахуйн нэгж, 150 иргэд 305.5 мянган га эргэлтийн талбай эзэмшиж үйлдвэрлэл явуулж буй. Жилд дунджаар 180 мянган га талбайд үр тариа, тэжээл, тосны ургамал тариалж, 140 гаруй мян.га-д уринш бэлтгэж, эргэлтийн талбайгаа 100 хувь ашиглаж байгаа бөгөөд Сэлэнгэ аймагт ургац хураалт 46 хувьтай байна гэж Засаг дарга Ш.Оргил танилцууллаа. Байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж ургац хураалт хоцорч байгаа ч дор бүрнээ зүтгэл гаргаж ургацаа 100 хувь хураан авахаар хичээж ажиллаж байна гэлээ.
Сэлэнгэ аймагт ургац хураалт 46 хувьтай байна
Тус аймагт тулгамдаад буй асуудлын нэг нь дөрвөн сумын төвөөр дайран өнгөрдөг, "Будааны зам" хэмээх 110 гаруй км шороон зам. Тариаланчдын будаа, тариа, ногоогоо тээвэрлэдэг энэ замыг засмал болгочихвол олон мянган ногоочин, тариаланч, өрхийн аж ахуй эрхлэгчдэд том дэмжлэг болно гэж нутгийн иргэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хэлж байлаа.
Сэлэнгэ аймаг Сэлэнгэ сортын төмс гаргаж авахаар зорьж байгаа ажээ. "Сэлэнгийн төмс гээд газар сайгүй худалдаалдаг. Гэтэл үнэн хэрэгтээ Сэлэнгийн сорт одоог хүртэл байхгүй.Тиймээс аймгийн зүгээс бодлогоор нэрийн сорт, брэнд гаргаж авахаар "Элит үр” компанитай хамтран ажиллаж байгаа ажээ.
Сэлэнгэ аймгийн 17 сумын 16 нь тариалангийн бүс нутагт багтсан. Тиймээс тус аймаг ойрын жилүүдэд бэлчээрийн мал аж ахуйг халж, эрчимжүүлсэн мал аж ахуйд шилжих, ойн зурвас татаж, тариалангийн талбайнуудаа хашаажуулах ажлыг эрчимтэй хэрэгжүүлэх шаардлага гарч буй юм.