"Монгол Улсад НҮБ-аас 2017-2021 онд үзүүлэх хөгжлийн тусламжийн хүрээ" баримт бичгийн 2019 оны хэрэгжилтийг хянан хэлэлцэх Удирдах хорооны хурал өнөөдөр Гадаад харилцааны яаманд болж, холбогдох яамд, агентлагийн төлөөлөгчид, Улаанбаатар дахь НҮБ-ын системийн болон төрөлжсөн байгууллагын төлөөлөл оролцжээ. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлсэн үгэндээ COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд тууштай дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж ирсэн НҮБ-ын Суурин зохицуулагчийн алба болон НҮБ-ын системийн болон төрөлжсөн байгууллагуудад талархал илэрхийлсэн байна. Хөгжлийн тусламжийн хүрээнд тусгагдсан арга хэмжээнүүд Монгол Улсын хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцолжээ. НҮБ-ын Суурин зохицуулагч Т.Мишра Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр нь НҮБ-ын хөгжлийн системийг шинэчлэх шаардлагыг бий болгосон ба НҮБ-ын зүгээс шинэ үеийн хариуцлагатай, үр дүнтэй орны багийг бүрдүүлэх замаар гишүүн орнуудтай хэрэгжүүлэх хамтын ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлэхийг зорьж буйг хэлсэн байна.
Удирдах хорооны хурлаар НҮБ-аас хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн 2019 оны тайланг хэлэлцэж, ололт амжилт, сорилт сургамж болон цаашид анхаарах асуудлын талаар санал солилцсон байна.