Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам, төсөл хэрэгжүүлэх нэгжээс Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, оролцоог хангахад чиглэсэн бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл"-ийн дэд хорооны гишүүдэд онлайн уулзалт зохион байгуулж, төслийн явц болон цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл солилцлоо.
Төсөл 2018-2022 оны хооронд хэрэгжих бөгөөд төслийн хүрээнд 2021 онд орон нутагт "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв" баригдахаар газрын асуудал шийдэгдэж, техник эдийн засгийн үндэслэл хийгдэж, одоогоор барилгын нарийвчилсан зураг төсөл боловсруулах, барилгын ажлын явцад зохиогчийн хяналт тавих компани шалгараад байна. Тус төв нь 1557м2, 2 давхар, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан, дэмжих технологи болон зөвлөх үйлчилгээг ханган нийлүүлэх нэгдсэн цэг байхаар төлөвлөгдсөн, байгаль орчинд ээлтэй, эрчим хүчинд хэмнэлттэй, олон улсын стандартад нийцсэн байхаараа онцлог юм.