Урин дулаан цаг ирсэнтэй холбогдуулан албан байгууллагууд барилгын үйл ажиллагаагаа эрчимтэй явуулж эхэлдэг. Энэ үед хөдөлмөр, аюулгүй ажиллагааны журам зөрчиж хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэрэг нэмэгддэг байна. Энэ талаар Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэг А. Пүрэвсүрэнгээс мэдээлэл авлаа.
Тэрээр: "Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт 35 аж ахуйн нэгж байгууллага нь барилга угсралтын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Хэрэг бүртгэх тасаг нь хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, мөрдөн шалгах чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг. Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулах гэмт хэрэг нь "Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулдаг”-аараа бусад энэ төрлийн хэргээс онцлогтой байдаг.
Энэ төрлийн гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судалж үзэхэд ажилчдын болгоомжгүй байдал, байгууллага, ажилчид аюулгүй ажиллагааны дүрэм журмыг мөрдөн ажилладаггүй, ажилдаа хайнга хандсан, хяналт шалгалт сул, өндөрт ажилладаг ажилчид хамгаалалтын бүс, бэхэлгээ хэрэглээгүй, цас, бороотой үед барилга угсралтын үйл ажиллагаа явуулсан, хөдөлмөр аюулгүй байдлын инженергүй, инженертэй боловч хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгыг өдөр тутамд өгөөгүй, барилга угсралтын ажлын үед мөрдөх нийтлэг журмыг зөрчсөний улмаас үйлдэгдсэн байна.
Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг судалж үзэхэд 4-7 дугаар сарын хугацаанд ихэвчлэн үйлдэгдэж байгаа нь урин дулааны цаг ирж барилга угсралтын үйл ажиллагаа эхэлдэгтэй холбоотой гэж үзэж болохоор байна.
Иймд Цагдаагийн байгууллагаас хөдөлмөр, аюулгүй ажиллагааны журам зөрчиж хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор "Аюулгүй ажиллагаа-Амьдралын баталгаа” арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.
Иргэд та бүхнийг аюулгүй ажиллагааны дүрэм, журмаа мөрдөж өөрт болон бусдад учирч болох аюул ослоос урьдчилан сэргийлж, цагдаагийн байгууллагаас зохион байгуулж буй ажил, арга хэмжээнд идэвхитэй оролцохыг уриалж байна" гэлээ.