Засгийн газраас хэрэгжүүлж байгаа "Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд Иргэний нисэхийн ерөнхий газар, аймаг, орон нутаг, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 20 орчим хөөрч, буух зурвас байгуулаад байна. Тэгвэл Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, аймгийн Засаг дарга нартай "Хамтын ажиллагааны гэрээ” байгуулж, ерөнхий зориулалтын нисэхийн зурвас байгуулах газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах, зурвас байгуулах санхүүжилтийг орон нутгийн төсвөөс шийдвэрлэхээр тогтож байжээ.
Тиймээс энэ дагуу Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын төсвөөр Алтай сум, Бугат сумын Тахийн талд ерөнхий зориулалтын агаарын хөлгийн хөөрч, буух зурвас байгуулж, өнөөдөр Ажлын хэсэгт хүлээлгэн өглөө.
Өдгөө Бугат сум нь аймгийн төвөөс 210 километрт, Алтай сум нь 360 километрт оршдог, өндөр уулс, даваа бартаа ихтэй, ялангуяа өвөл, хаврын улиралд зам, даваа хаагдаж аймгийн төвтэй холбогдоход хүндрэл үүсдэг учраас орон нутгийн иргэд ихээхэн баяр хөөртэй хүлээн авчээ. Тэр тусмаа уул даваа ихтэй сумд байгалийн давагдашгүй хүчин зүйлсийн өмнө яах аргагүй бууж өгдөг бол хөөрөх бух зурвас байгуулснаар олон бэрхшээлийг саадгүй гэтлэхээс гадна иргэд агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээ авах боломж бүрдэж байгаа юм.
Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалангийн төлөвлөн ажиллаж байгаагаар бол "Цаашид 21 аймгийн 116 байршилд ерөнхий зориулалтын агаарын хөлгийн зурвас байгуулна. Эхний ээлжид Дорнод аймгийн Баяндун, Халхгол, Хэнтий аймгийн Галшар, Биндэр, Дадал зэрэг сумдад хөөрч, буух зурвас байгуулахаар ажиллаж байна. Монгол Улсад Ерөнхий агаарын тээврийг хөгжүүлснээр алслагдсан сум сууринд гамшгаас хамгаалах, эрүүл мэндийн түргэн тусламжийн үйлчилгээ, хүртээмжийг сайжруулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх онцгой ач холбогдолтой” хэмээсэн байна.