Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын зөвлөлийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар Сайдын нэрэмжит грант горилж дэвшсэн бүтээлүүдийг хэлэлцэн, батламжиллаа. Сайдын нэрэмжит грантын шалгаруулалтыг ХХААХҮ-ийн Сайдын 2017 оны А-36 дугаар тушаалаар баталсан "Салбарын судалгаа, хөгжлийн ажилд грант олгох журам”-ын дагуу зохион байгууллаа.
Сайдын нэрэмжит грант горилж ирүүлсэн мал аж ахуй, мал эмнэлэг, газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн эдийн засаг, техникийн чиглэлийн бүтээлүүдийг шинжлэх ухааны багтаамж буюу технологийн түвшин, техник эдийн засгийн үзүүлэлт, зах зээлийн эргэлтэд орох чадамжийн түвшин буюу үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, ашиглах бодит боломж, ижил төстэй технологи, бүтээгдэхүүн үйлчилгээнээс давуу тал, өрсөлдөх чадвар, нэмүү өртөг бий болгож буй түвшин зэрэг шалгуур үзүүлэлтийг хангасан байдлаар нь үнэлгээ өгөн шалгаруулсан байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын "Судалгааны ажилд инновацийн грант олгох тухай” 2020 оны А-231 дүгээр тушаалаар дараах 5 бүтээлийн багт Сайдын нэрэмжит грантыг олгохоор шийдвэрлэлээ.
Үүнд, Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), дэд профессор, Н.Баярсүх удирдагчтай "Вандуйн баялаг сорт” сэдэвт бүтээл, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн салбарын профессор, доктор (Sc.D), Л.Удвал удирдагчтай "Хүүхдийн гутлын дизайн, технологи боловсруулалт” сэдэвт бүтээл; Мал эмнэлгийн хүрээлэнгийн Молекул генетикийн лабораторийн Эрдэм шинжилгээний дэд ажилтан, доктор (Ph.D), Д.Даваасүрэн удирдагчтай "Адууны нийлүүлгийн өвчний түргэвчилсэн оношлуур” сэдэвт бүтээл; Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Хүнс, судлалын эрдэм шинжилгээний төвийн эрхлэгч, доктор (Ph.D), Г.Төрмөнх удирдагчтай "Хүнсний бүтээгдэхүүнийг бичил шим тэжээл био-иодоор баяжуулах судалгаа-үйлдвэрлэлийн дүн” сэдэвт бүтээл; Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн Ургамлын биотехнологийн лабораторийн эрхлэгч, доктор (Ph.D), О.Нинжмаа удирдагчтай "Төмсний дахин боловсруулалтын Атар-1 сорт” сэдэвт бүтээл; тус тус болно. Дээрх 5 бүтээлийн багт Сайдын нэрэмжит грантын "БАТЛАМЖ”, 5.000.000 төгрөгийн грантыг гардуулан өглөө.