Гадаад харилцааны сайд Н.Энхтайван хилийн чанадад гацсан, нөхцөл байдал нь хүндэрсэн иргэддээ боломжит дэмжлэг, туслалцаа үзүүлэхэд бүхий л нөөц бололцоогоо дайчлан, нэг ч иргэнээ төр, засгийн анхаарлын гадна орхихгүй байхад онцгой анхаарч ажиллахыг хилийн чанад дахь нийт дипломат төлөөлөгчийн газрын Тэргүүн нарт үүрэг болголоо.
Иргэддээ хандсан мэдээлэл, зөвлөмжийг олон нийтийн сүлжээ, ДТГ-ын цахим хуудсаар шуурхай түгээх, эргэх холбоотой ажиллах, иргэдийн төлөөллийг эрүүл ахуйн горимыг мөрдөн ДТГ-т хүлээн авч уулзах, санал гомдлыг нь сонсож, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, бодит байдлыг тайлбарлан таниулах зэрэг боломжит бүхий л арга хэмжээ авахыг сайд онцлов.
Мөн "Зарим ЭСЯ-ны хаалга үүд хаалттай байна, орж чадахгүй байна” гэсэн гомдол, мэдээлэл ирж байгаатай холбогдуулан иргэдийн гомдол, хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх чиглэлээр ДТГ-ууд 24 цагийн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, иргэдээс цахим хуудас, цахим шуудан, шуурхай болон албаны утсаар хандсан даруйд хариу өгч хэвших, холбогдох бүртгэл хөтөлж, ГХЯ-нд өдөр бүр илтгэж байхыг анхаарууллаа.
Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам