Өнөөдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны "Чин хүслэн” жишиг Өрхийн эрүүл мэндийн төвийн шинэ байр ашиглалтад орж нээлтээ хийлээ. Арга хэмжээнд Эрүүл мэндийн Дэд сайд Ш.Анхмаа, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга З.Отгонбаяр нар болон бусад албаны хүмүүс, "Чин хүслэн” ӨЭМТ-ийн хамт олон, иргэд оролцов.
Арга хэмжээний нээлтийн үеэр Эрүүл мэндийн Дэд сайд Ш.Анхмаа Чингэлтэй дүүрэг эрүүл мэндийн салбарыг онцгойлон анхаарч ажилладагт таатай байна гэдгийг хэлээд "Чин хүслэн” ӨЭМТ-ийн хамт олонд иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах ажилд нь өндөр амжилтыг хүсэн ерөөлөө.
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл "Чингэлтэй дүүргийн Нутгийн захиргааны байгууллагаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах олон бүтээлч зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Энэ жил гэхэд 13, 14, 17 дугаар хороод жишиг ӨЭМТ-тэй болсон бөгөөд зөвшөөрөлгүй баригдсан граж, барилга байгууламжийг буулган газар албадан чөлөөлж 1, 2, 3 дугаар хороодын иргэдэд эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ үзүүлэх жишиг ӨЭМТ-ийн бүтээн байгуулалтын ажлыг хийж байна” гэдгийг онцолсон юм.
Шинэхэн байрандаа орсон дүүргийн 14 дүгээр хорооны "Чин хүслэн” жишиг ӨЭМТ-нь 4 их эмч, 5 сувилагч нийт 14 эмч, эмнэлгийн ажилтантайгаар хорооныхоо 7000 гаруй иргэнд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг хүргэх юм.