Авлигатай тэмцэх газраас баруун бүсэд томилогдсон ажлын хэсэг Ховд аймгийн иргэд, олон нийттэй уулзаж, "Шударга ёс, хөгжил дэвшилд” сэдэвт уулзалт, "Иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөг"-ийг 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр тус аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын их танхимд зохион байгуулав.
Уулзалт, өдөрлөгийн эхэнд АТГ-аас сүүлийн үед авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар танилцуулж, авлигын эсрэг хууль тогтоомж, авлигын хор хөнөөл, хөрөнгө орлогын мэдүүлэгт тавих хяналт зэрэг сэдвээр Ажлын хэсгийн гишүүд мэдээлэл хийж, авлигатай тэмцэхэд иргэд ямар үүрэг, оролцоотой байх талаар ярьж таниуллаа.
Дараа нь иргэдийн дунд чөлөөт микрофон аялуулж, санал бодлыг нь сонсож, гомдол хүсэлтийг нь хүлээн авав. Уулзалтад ирсэн иргэд орон нутагт төрийн үйлчилгээ ялгавартай хүрдэг, хүнд суртал гаргаж чирэгдүүлдэг, авлигын хэрэгт шалгагдаж байгаа хүнийг албан тушаалд дэвшүүлэн томилдог, орон нутгийн төрийн байгууллагууд ажлаа хангалттай түвшинд хийдэггүй, худалдан авах ажиллагааг танил талдаа шийдвэрлэдэг зэрэг гомдол, мэдээлэл зонхилон хэлж байлаа. АТГ-ын ажилтнууд зорин ирж, өөрсдийг нь сонсож, харилцан ярилцаж нэг өдрийг өнгөрөөж буйд баяртай байгаагаа илэрхийлсэн. Иргэн Пэлжээ "АТГ харьцангуй сайн ажиллаж байгаа гэж ойлгодог. Гол нь авлигын том хэргүүдийг шүүх дээр яаж шийдвэрлэдэг нь ард иргэд бидэнд ойлгомжгүй байна. Миний бодлоор шүүх дээр олон хэрэг байхгүй болдог юм шиг байна. Тэгэхээр АТГ-ыг улам илүү өргөжүүлэх, хүч чадалтай болгох ёстой” гэж саналаа хэлэв. Иргэн Чинбат "АТГ-ын ажлыг би үргэлж дэмждэг. Та нар хүнд хүчир ажлыг хийдэг хүмүүс. Авлигатай тэмцэхэд иргэд бидний дэмжлэг маш чухал. Иргэдтэй хамтран ажиллая гэж холоос зорин ирж байгаа нь тун сайшаалтай. Иргэд бид АТГ-ын нүд, чих болж ажиллах болно" гэж санал сэтгэгдлээ илэрхийллээ. Уулзалтад ирсэн иргэдийн дийлэнх нь авлигын гэмт хэргийн шийдвэрлэлтийг хурдасгах, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг чангатгах, шүүх, прокурорын шатанд хэрэг шийдвэрлэх явцыг иргэдэд нээлттэй байлгах, АТГ-ыг орон нутагт салбартай болгох шаардлагатай гэдэг талаар тодорхой санал гаргаж дэвшүүллээ.
Соён гэгээрүүлэх өдөрлөгийн үеэр иргэдийн дунд хууль таниулах асуулт, хариултын АХА тэмцээн болон үйлдэл дамжуулах хөдөлгөөнт тоглоомд оролцуулж, гомдол мэдээлэл хүлээн авах 110 дугаарын утсыг сурталчилж, авлигын хор хөнөөлийг харуулсан гарын авлага, зурагт хуудсуудыг тарааж, АТГ-ын ажилтнууд иргэдтэй нэг өдрийг өнгөрүүлэв. Ажлын хэсгийн ахлагч Т.Энхболд тус аймгийн нийтийн номын сангийн эрхлэгч Д.Эрдэнэтуяад АТГ-аас эрхлэн гаргасан "Төрийн албан хаагчийн ёс зүй”, "Ашиг сонирхлын зөрчил”, "Найзын яриа” комикс, DVD болон бусад гарын авлага, номуудыг хүлээлгэн өгч, номын сангийн үйлчилгээгээр дамжуулан нийтийн хүртээл болгохыг хүсэв.
Ховд аймагт ажиллах хугацаандаа АТГ-ын ажлын хэсэг тус аймгийн нийтийн албан тушаалтнуудыг хамруулан сүүлийн үед авлигын эсрэг болон эрүүгийн хууль тогтоомжуудад орсон нэмэлт, өөрчлөлтийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, төрийн албан хаагчдыг авлигын гэмт хэрэг, ашиг сонирхлын болзошгүй зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлээс зайлсхийх чиглэлээр бодит тохиолдол, жишээн дээр мэдээлж сургалт хийв.
АТГ-аас 2017, 2018 онд Ховд аймагт ажиллахдаа илрүүлсэн зөрчлүүдийг арилгуулах чиглэлээр хоёр удаагийн Зөвлөмж хүргүүлсэн бөгөөд эдгээр Зөвлөмжийн хэрэгжилт тус аймагт ямар байгааг Ажлын хэсэг хянан шалгав. Мөн аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга, гишүүдтэй уулзаж, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр орон нутагт ямар ажил, арга хэмжээ зохион байгуулсан талаар танилцлаа. Ховд аймагт авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдсэн бодитой ажил үгүй, энэ чиглэлээр Зөвлөл ямар нэгэн ажил төлөвлөөгүй байсан тул Ажлын хэсгээс цаашид анхаарч ажиллах асуудлын талаар зөвлөж, чиглэл өгөв.
АТГ-ын ажлын хэсэг Ховд аймаг дахь ажлаа дуусгаад Баян-Өлгий аймагт 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс ажиллаж эхэллээ.