Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хил залгаа нутгуудад коронавирусын халдварын тоо нэмэгдсэн, хил дамжин халдварлах эрсдэл өндөр байгаатай холбогдуулан Баян-Өлгий аймгийн Цагааннуур, Увс аймгийн Боршоо боомтыг өнөөдрөөс/11.02/ эхлэн 21 хоногийн хугацаанд түр хаах шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэртэй холбогдуулан Монгол улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан "Шуурхай бүлэг” Баян-Өлгий аймгийн Цагааннуур авто замын шалган нэвтрүүлэх боомтод ажиллалаа.
Ажлын хэсэг Цагааннуур авто замын боомтын үйл ажиллагаа, халдвар хамгааллын дэглэм сахиулах ажилтай танилцах, аймгийн хүн амын дунд тандалт судалгаа хийх, эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлыг хангуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулж Улсын Онцгой комисст танилцуулах чиг үүрэгтэй ажиллаж байна.
Шуурхай бүлгийг Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Т.Мөнхдорж ахалж, гишүүдээр Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, Цагдаагийн хурандаа Ж.Амгалан, Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн боомтын аюулгүй байдал, Шалган нэвтрүүлэх газрын дарга, хурандаа Ц.Мягмардорж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд, Гаалийн ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга Г.Энхтайван, ХӨСҮТ-ийн Вирус гепатит, энторовирусийн тасгийн эрхлэгч Г.Сарантуяа, ХӨСҮТ-ийн яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Батсүх, ХӨСҮТ-ийн Тархвар судлаач, их эмч М.Цолмон, ЗӨСҮТ-ийн Лабораторийн их эмч Г.Ганзориг, нарийн бичгийн даргаар ОБЕГ-ын ГШУГ-ын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Мягмарсүрэн нар ажиллаж байна.
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан болон мэргэжлийн байгууллагын зүгээс нэн тэргүүнд шинжилгээ хийх лаборатортой болгож өгөхийг энэ үеэр хүссэн байна. Шуурхай бүлэг аймгийн Онцгой комиссыг хуралдуулан мэдээллийг сонсож, орон нутгаас тавьсан санал, хүсэлт цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Улсын Онцгой комисст танилцуулж, шийдвэрлүүлэхэд анхаарч ажиллах гэжээ.