МУИС-ийн дүрмийн 4.3.1, 4.4.3.2 дахь хэсгийг үндэслэн МУИС-ийн захирлын тушаалаар Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн захирлыг судлан шалгаруулах ажлын хэсгийг 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан билээ. Судлан шалгаруулах ажлын хэсэг тухайн бүрэлдэхүүн сургуулийн сургалт, судалгааны ажлын онцлогийг харгалзан түүний удирдлагад тавигдах нарийвчилсан шалгуур, үзүүлэлтүүдийг тогтоож, шаардлага хангасан нэр дэвшигчдийг тодруулан 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр хамт олны хурлыг зохион байгуулж нууц санал хураалтыг зохион байгууллаа.
Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн хамт олны хурал 83 хувийн ирцтэй хуралдаж захиралд нэр дэвшигчид болох О.Алтансүх, Д.Бямбажав, Н.Оюун-Эрдэнэ нар тус бүр 12 минутын хугацаатай танилцуулга хийсэн бөгөөд, хуралд оролцогчдоос асуусан асуултад хариулав. Хамт олны нууц санал хураалтад нийт багш нарын 96.4 хувь нь оролцож Д.Бямбажав, Н.Оюун-Эрдэнэ нар хамгийн өндөр санал авсан байна.
МУИС-ийн дүрмийн 4.4.3.2 дах хэсэгт "Бүрэлдэхүүн сургуулийн захирлыг судлан шалгаруулах ажлын хэсгийг МУИС-ийн захирлын тушаалаар байгуулна. Ажлын хэсэг шаардлага хангасан нэр дэвшигчдийг тодруулж үндсэн орон тооны багш болон зөвлөх профессор, зөвлөх дэд профессор нарын 50-иас дээш хувийн ирцтэй хурлаар нууц санал хураалт явуулж, хамгийн олон санал авсан 2 нэр дэвшигчээс МУИС-ийн захирал сонгон томилно” гэж заасны дагуу судлан шалгаруулах ажлын хэсгүүд хамгийн өндөр санал авсан нэр дэвшигчдийн нэрсийг 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр МУИС-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Очирхуягт хүргүүлээд байна.
МУИС-ийн дүрмийн 4.4.3.2 дах хэсэгт заасны дагуу МУИС-ийн захирал Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн хамт олны нууц санал хураалтаас хамгийн өндөр санал авсан хоёр нэр дэвшигчээс тус тус сонгон томилох юм.