Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн захирал, АУ-ны доктор, Дэд професор,Зөвлөх зэргийн эмч Ц.Төмөр-Очиртой ярилцлаа.
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах зорилгоор зүрх, мэдрэлийн чиглэлийн тусламжийг бусад лавлагаа шатлалын эмнэлгүүдэд үзүүлэхээр болсон. Үүний хэрэгжилт хэр явж байгаа вэ?
Эрүүл мэндийн сайдын үүрэг, чиглэлийн дагуу УНТЭ, УХТЭ, УГТЭ-үүд эмнэлгийн тусламж, үйлчилгээг ижил түвшинд үзүүлдэг байх үйл ажиллагааг хэрэгжүүлж эхлээд байна. Энэ дагуу төлөвлөгөөт ажлууд эхэлчихсэн явж байна. Манай УГТЭ-ийн хувьд улсын хэмжээнд зүрх, мэдрэлийн чиглэлээр лавлагаа тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Одоо УНТЭ зүрх, мэдрэлийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна. Удахгүй УХТЭ үзүүлдэг болоод ирэхээр манай эмнэлгийн ачаалал нэлээдгүй багасна. Мөн эрүүл мэндийн сайдын тушаалаар бид энэ чиглэлээр улсын хэмжээнд эмч, мэргэжилтнүүдийг бэлтгэх, мэргэшүүлэх, дагалдуулан сургах ажлуудыг шат дараатай хийж байна. Эмч нарыг заавал ажлаас нь чөлөөлж байж сургах биш ажиллах явцад нь суралцах боломжийг бүрдүүлж өгсөн.
Түүнчлэн УГТЭ-ийн хувьд УНТЭ-ийн урологи, протологи, эрүү нүүр болон цус судлалын чиглэлийн ачааллыг хуваалцах зорилгоор үйл ажиллагаагаа өргөжүүлж байна.
Энэ сарын 02-оос эхлэн Урологийн 10 ортой тасгийг нээн, эрхлэгчээр нь УНТЭ-ийн мэргэшсэн, чадварлаг эмчийг томилсон. Манай эмнэлэгт УНТЭ-ээс урологийн хоёр эмч ирж, ажлын байрны дадлагажуулах сургалтуудыг хийж, хамтран ажиллаж байна. Харин манай нэг эмч, нэг сувилагч таван сарын хугацаатай УНТЭ-ийн урологийн тасагт суралцангаа ажиллахаар болсон. Мөн зүрх судас, мэдрэлийн чиглэлээр бусад эмнэлгүүдэд бид зөвлөн тусалж ажиллаж байгаа бол бусад лавлагаа шатлалын эмнэлгүүдийн төрөлжсөн тусламж, үйлчилгээг нэвтрүүлэх, суралцах, дадлагажих хэлбэрээр төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Бид энэ үйл ажиллагааг төвлөрлийг сааруулах, ачааллыг хуваалцах бодит ажлууд гэж харж байгаа.
Цаашид УГТЭ нь бүсчилсэн хэлбэрээр тусламж, үйлчилгээгээ үзүүлдэг болно гэж байсан. Энэ талаар тодруулахгүй юу?
Тиймээ, төвлөрлийг сааруулах зорилгоор УНТЭ, УХТЭ,УГТЭ-үүд бүх төрлийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг болохоос гадна нийслэл, орон нутгийг эмнэлэгт ойр байгаа газар зүйн байршлаар нь хуваан үйлчлэхээр болж байгаа. Тухайлбал, УГТЭ-ийн хувьд нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан дүүрэг болон найман аймгийн иргэдэд үйлчлэх юм. Тус хоёр дүүрэгт Улаанбаатар хотын нийт хүн амын 37.7 хувь нь оршин суудаг. Бид хариуцсан дүүргүүдийнхээ эмч, мэргэжилтнүүдийг сургах, чадвахжуулах, сэлгэн ажлуулах үйл ажиллагааг хариуцаж байгаа юм. Энэ хүрээнд өнгөрсөн аравдугаар сараас эхлэн манай яаралтай тусламжийн эмч нар Баянгол, Сонгинохайрхан дүүргүүдэд очин долоо хоногт төлөвлөгөөт цагийн хуваарийн дагуу дадлагажуулах, туршлага солилцох, сэлгэн ажиллаж байна. Мөн тус дүүргийн эмнэлгүүдэд хамтын ажиллагааны хүрээнд тархины харвалт, зүрхний шигдээсийн нэгжийг байгуулахаар мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж байна. Харин орон нутгийн хувьд Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ гэсэн найман аймгийг хариуцан авч байгаа. Эдгээр аймгуудын эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлгийн удирдлагуудтай цахим хурал хийхээр бэлтгэж байна.
Цахим хурлаа УНТЭ, УХТЭ-тэй хамтран 21 аймгийн хэмжээнд хийхээр төлөвлөж байна. Энэхүү газар зүйн хувьд бүсчилсэн тусламж, үйлчилгээг үзүүлэхэд УГТЭ Монгол Улсын нийт хүн амын 38 орчим хувьд хүрч үйлчлэхээр болж байна.
Гэхдээ бид өөрсөд дээрээ ачааллаа нэмэх биш дүүргийн эмнэлгүүдээ чадвахжуулж, орон нутгийн иргэддээ ч мөн үйлчилдэг болгох зорилготой юм. Ингэснээр жинхэнэ утгаараа лавлагаа, шатлалын үүргээ гүйцэтгэнэ гэж харж байна. Түүнчлэн ХСҮТ-д манай эмч, мэргэжилтнүүд ажлын байрны дагалдах сургалтад хамрагдаад эхэлсэн.
Аймаг, дүүргийн эмнэлэгт үзүүлэх боломжгүй тусламжийг УГТЭ үзүүлэх үү?
Бид нарийн, өндөр түвшний тусламж, үйлчилгээг үзүүлэх, Монголд эмчлэгддэггүй эмчилгээ, оношлогоог нэвтрүүлэх, чадавхжуулах, аймаг, дүүрэгт үзүүлэх боломжгүй нарийн мэргэжлийн оношлогоо, эмчилгээний тусламжаа дагнан үзүүлнэ. Хариуцсан аймаг, дүүргийн эмч, мэргэжилтнүүдийг чиглэл чиглэлээр нь чадавхжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хуваарь гарган ажиллаж байна.
Монголд эмчлэгддэггүй 26 нэр төрлийн өвчлөл байдаг.
Эдгээрээс зүрх, мэдрэлийн өвчлөл, мэс заслын чиглэлээр УГТЭ долоон өвнийг хариуцан ажиллаж байгаа. Үүнд мэдрэлийн мэс заслын хоёр, зүрхний мэс заслын таван өвчөн багтсан. Эрүүл мэндийн сайд бодлогодоо дээрх гадаадад эмчлэгддэг өвчлөлийг хоёр жилийн дотор Монголдоо эмчилдэг болгохоор тусгасан. УГТЭ-ийн хувьд есдүгээр сарын 30-нд манай эмч, мэргэжилтнүүд Хэвлийн гол судсан дахь цүлхэнд стент графт буюу цүлхэнгийн хэсэгт цусны урсгал орж, даралт үүсгэж тэр цүлхэнг хагарахаас урьдчилан сэргийлдэг мэс заслыг анх удаагаа хийсэн. Уг мэс заслыг Монгол Улсын гавьяат эмч, ангиографийн оношилгоо, эмчилгээний зөвлөх З.Лхагвасүрэн доктор амжилттай ахалж ажилласан. Мөн БНХАУ-ын Бээжингийн их сургуулийн эмнэлгийн профессоруудтай онлайнаар холбогдон Монголдоо анх удаа бие дааж хэвлийн гол судасны цүлхэнг тавих суулгац мэс заслыг судсан дотуур амжилттай хийлээ. Энэхүү мэс заслыг гадаадад нэлээн өндөр үнээр хийдэг бөгөөд бид эх орондоо хийх боломжтой гэдгийг харуулж чадсан юм. Зүрхний мэс, зүрх судлал судсан дотуурх оношлогоо эмчилгээний тасаг нэгжийн эмч нар 14 настай хүүхдэд судасны эмгэг сүлжээрлийг судсан дотуурхи ороод мэс заслын аргаар бичил ялтас бүхий ороомог тавьж бөглөх эмчилгээг анх удаа бие дааж хийсэн. Энэ нь гадаадад эмчлэгдэх шаардлагатай өвчтөн байсан. Энэ мэт олон эмчилгээ, оношилгооны шинэ технологиудыг нэвтрүүлж гадагшаа явах урсгалыг багасгахад Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүгээс нилээдгүй ажлыг хийж байна.
Эрүүл мэндийн сайдын тушаалаар бид гадагшаа явж эмчлүүлэх гурван өвчинг хасуулсан.
Мөн Тайваны Үндэсний их сургуульд өөрийн эмч, мэргэжилтнээ титэм судасны эмгэгүүд, гол судасны мэс заслын өндөр түвшинд үзүүлэх хоёр жилийн сургалтанд сургаж бэлтгэсэн.
Танай эмнэлэгт Дэлхийн Банкны санхүүжилтээр хэрэгжиж буй дүрс ошношилгоо архивлан, хадгалах PACS систем нэвтрэн орсон. Хэр үр дүнгээ өгч байгаа вэ?
Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлогын хүрээнд Цахим эрүүл мэнд төслийн нэг хэрэгжилт нь энэхүү Дэлхийн Банкны санхүүжилтээр хэрэгжиж буй PACS төсөл юм. Өнөөдрийн байдлаар УНТЭ, УГТЭ, ГССҮТ, Увс болон Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт тус системийг нэвтрүүлэн ажиллаж байна. PACS системийн тусламжтайгаар дүрс оношилгооны рентген, Компьютер томографи, Эхо гэх мэт дүрс мэдээ боловсруулдаг оношилгооны аппаратаар авсан зургийг анхан шатны эмнэлгээс лавлагаа шатлалын эмнэлэгт өндөр хурдны сүлжээгээр дүрсийг чанартайгаар дамжуулан оношилгоо, эмчилгээнд ашигладаг. Тус мэдээллийг өвчтөний зөвшөөрлөөр эрх бүхий мэргэшсэн эмч үзэж, өөрийн дүгнэлт оношийг тавин, өвчтөнд хурдан хугацаанд буцааж илгээх бөгөөд өвчтөн болон эмч хаана байхаас үл хамааран мэргэшсэн эмчийн үйлчилгээг авах боломж нээгдэж байгаа юм.
Хамгийн гол нь манай эмч нар шөнө дунд, үүрээр дуудагдаж ирэлгүй, амралтын өдөр ч гэрээсээ шинжилгээг дүгнэн хариу бичих боломжийг бүрдүүлсэн.
Арваннэгдүгээр сараас эхлэн манай эмч нар дээрх горимоор амралтын өдрүүдэд ажиллаж байна. Дашрамд дурьдахад УГТЭ тархи, мэдрэл, нуруу нугасны мэс заслыг 55 жил орчим хийж байна. Энэ жил энэ салбарт урд өмнө нь хийгдэж байгаагүй тоног төхөөрөмжийн маш том хөрөнгө оруулалт хийгдэх гэж байгаа нь Эрүүл мэндийн салбарын томоохон амжилтын нэг болох юмаа.
Саяхан танай эмнэлэг хоёр талт буюу Амбулаторын эмийн санг шинээр нээсэн. Үйлчлүүлэгчиддээ хэр хүрч ажиллахаар төлөвлөсөн бэ?
УГТЭ нь УНТЭ, АӨСҮТ-ийн хамт энэ оны дөрөвдүгээр сараас хагас бие даасан байдалд шилжсэн. Энэ хүрээнд бид энэ сарын 02-оос эхлэн хоёр талт буюу Амбулаторын эмийн санг шинээр байгууллаа. Ингэснээр ашиг олохдоо биш үйлчлүүлэгч, эмчлүүлэгчдээ эмзүйн тусламж, үйлчилгээг ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэгдэж байгаа юм. Мөн эмийн үнийн хөөрөгдлийг бууруулах, боломжийн хямд үнээр нь худалдаалах, чанартай, сонголттой болгож байгаа юм. Түүнчлэн үйлчлүүлэгчдэдээ зориулж шинээр нэг цэгийн үйлчилгээг нээлээ.
Нэг цэгийн үйлчилгээг ашиглалтад оруулснаар эрүүл мэндийн даатгалтай холбоотой лавлагаа авах, хэвтэн эмчлүүлэх өвчний түүхээ нээлгэх, MRI, CT, компьютер, томографийн бүх төрлийн шинжилгээний хариугаа цаг алдалгүй, чирэгдэлгүй нэгдсэн цэгээс авах боломж бүрдэж байгаа юм.
Мөн эмчээ сонгон үйлчлүүлэх үйлчилгээг нэвтрүүлж эхэлж байна. Нэг цэгийн үйлчилгээгээр тус эмнэлэгтэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагуудын бичиг хэргийг хүлээн авч, шуурхай хариу өгөх цогц үйлчилгээг үзүүлэх юм.
Бид үйлчилгээний чанараа сайжруулахын тулд мэргэжлийн байгууллагуудаас ёс зүй, зан харилцааны сургалтуудыг үйлчилгээний ажилтнууддаа давтамжтайгаар явуулсан. Түүнчлэн "Үйлчлүүлэгчтэй харилцах төв” гэсэн шинэ нэгжийг шинээр байгуулан нээлтээ хийж байна. Энэ нь үйлчлүүлэгч тус эмнэлэгт төөрч цаг үрэхгүйгээр эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахад нь чиглүүлэх, шаардлагатай мэдээллийг шуурхай өгч холбогдох асуудлыг түргэн шийдвэрлэж туслах зэрэг чухал ач холбогдолтой юм. Мөн Сувилахуйн мэргэжилтний хөгжлийн төвийг шинээр нээн ажиллуулж байна.
Бид амбулторийн тусламж, үйлчилгээгээ өргөжүүлж, иргэдийн хүлээгдэл чирэгдэлийг багасгах зорилгоор аравдугаар сараас эхлэн хоёр ээлжээр ажиллуулж эхэлсэн.
Мөн амралтын өдөр буюу бямба гарагт 10-15 цаг хүртэл ажиллаж байгаа нь иргэдийн талархалыг хүлээсэн үйл ажиллагаа болж байна. Хоёрдугаар ээлжинд ажиллаж байгаа эмч ажилчдад нэмэгдэл цалин олгож байгаа. Яг үзсэн оношилсон хүнийг тоогоор эмчид 50-60 хувийг олгож байна. Нэг хүн эмчид үзүүлэхэд 15000 төгрөгөөр даатгалын сангаас төгрөг олгодог. Аравдугаар сарын байдлаар нэг эмч дээд тал нь сая орчим төгрөгийн нэмэлт цалин авсан байгаа. Тэгэхээр үндсэн цалингаас гадна хоёрдугаар ээлжийн цалин авч байгаа нь эмч ажилчдынхаа цалинг нэмэгдүүлэх нийгмийг асуудаод нь дэмжлэг үзүүлэх зорилтот ажил болж байгаа юмаа. Бид үйлчлүүлэгч болоод эмнэлэгийн ажилчдынхаа эрүүл мэндийн асуудал дээр нилээн анхаарч ногоон хоолны сургалтын төвийг нээж ажиллуулж байна.
УГТЭ-т сүүлийн жилүүдэд техник технологийн шинэчлэлт нилээд хийгдэж байна. Ангиографийн оношлогоо эмчилгээний хувьд анхны биплан ангиографийн аппарат тус эмнэлэгт 2013 онд суурилагдсан. Уг аппаратын тусламжтайгаар өнөөдрийг хүртэл зүрх, тархины судсан дотуурхи оношилгоо эмчилгээ мөн тархины харвалт, зүрхний шигдээсийн тусламж үйлчилгээний улсын хэмжээний голлох ачааллыг үүрэн ажиллаж байна. Саяхан УНТЭ-д хоёр дахь Би-План апарат шинээр суурилагдсан нь төвлөрөл ачааллыг хуваалцах боломжийг бүрдүүлж байгаа юмаа. 2021 онд тус эмнэлэгт Эрүүл мэндийн яам, Дэлхийн банк, Азийн Хөгжлийн Банкны санхүүжилт дэмжлэгтэйгээр улсын хэмжээний 3 дахь ангиографийн Би-План суурилагдах гэж байна.
Бид иргэд үйлчлүүлэгчид эмнэлгээр үйлчлүүлэх, тусламж үйлчилгээ авах боломжийг өргөжүүлэх, үйлчилгээний хүлээгдэл чирэгдлийг эрс багасгах, тав тухтай орчиныг,эмч ажилчдынхаа цалин эмч цалин хөлсийг нэмэгдүүлэх зэрэг олон ажилыг төлөвлөн зохион байгуулж байна.
Тухайлбал есдүгээр сард харилцаа хандлагын 10 хувийн нэмэгдэл цалинг болзол хангасан эмч ажилчиддаа олгож урамшуулсан. 2020 оны нэгдүгээр сараас эхлэн эмнэлгийн тусламж үйлчилгээний гүйцэтгэлээр санхүүжих санхүүжилтийн шинэ системд шилжих гэж байна. Энэ нь тухайн эмнэлгийн нийт эмч ажилтнуудыг улам бүр хариуцлагатай, өндөр гүйцэтгэлтэй, ёс зүй харилцаа хандлагын зөрчилгүй, үйлчлүүлэгчээ дээдэлсэн эмнэлгийн үйлчилгээний менежментийг зайлшгүй хэрэгжүүлж эмнэлэг үр ашиг, өндөр бүтээмжтэй ажиллах гол үйл ажиллагаа юм.
Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Зүрх судасны үндэсний төвийг барьж байгуулах асуудлыг зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай төсөл хөтөлбөрийн жагсаалтад оруулсан нь Монгол хүний эрүүл урт удаан амьдрах боломж нөхцөлийг бүрдүүлэхэд оруулж буй үнэлж баршгүй хөрөнгө оруулалт гэж үзэж байна. Люксембургийн Засгийн газраас Монгол Улсын Зүрх судасны үндэсний төвийн барилгын зураг төсвийг боловсруулах ажлыг 100 хувь санхүүжүүлж гүйцэтгүүлэн, энэ 10 дугаар сард Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өгсөн.