Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн япон хэлээрх "Монгорү Цүүшин” сонины редакц Монгол-Япон улс соёлын харилцаа тогтоосны 45 жилийн ойг тохиолдуулан "Японыг сонирхохын учир юу вэ?” сэдвээр зохион бичлэгийн уралдааныг япон хэлний сургалттай ЕБС-ийн 10-12 дугаар ангийн сурагчдын дунд анх удаа зарлаж байна.
Монгол Улсад суугаа Япон Улсын ЭСЯ, Монгол-Японы Найрамдлын нийгэмлэгийн дэмжлэгтэй зохион байгуулах тус уралдааны зорилго нь сурагчдын япон хэлээр бичих ур чадварыг дэмжих, хүүхэд залуусын ирээдүйн хүсэл зорилгыг тодорхойлоход оршиж байгаа юм.
Уралдаанд оролцогчид "日本の何に興味を持っているか("Японыг сонирхохын учир юу вэ?” сэдвээр зохион бичлэгийг 1000-1200 үсгэнд багтаан япон хэлээр бичиж 11 дүгээр сарын 11-ний өдрийн дотор "Монгорү Цүүшин” сонины montsushin@hotmail.com болон montsushin@montsame.gov.mn цахим шуудангийн хаягаар илгээнэ. Зохион бичлэгээс шилдэг гурван байрыг шалгаруулж мөнгөн урамшуулал болон уралдааныг дэмжигч Монгол Улсад суугаа Япон Улсын ЭСЯ-ны бэлэг дурсгалын зүйлээр шагнаж урамшуулах юм.
Монголын анхны япон хэлээрх тогтмол хэвлэл болох "Монгорү Цүүшин” сонины редакц энэхүү уралдааныг цаашид жил бүр зохион байгуулахаар төлөвлөж байна.