Цар тахлын амаргүй цаг үед уурхайчнаар овоглосон өрх бүрийг дэмжих үүднээс төлөвлөсөн ажлаа амжилттай хэрэгжүүлж, өртөг зардлыг бууруулан, өндөр үр дүн гарган ажиллаж байгаа хамт олноо, Эрдэнэт үйлдвэрт данстай хүн бүрийг урамшуулан шагнаж байгаагаа уурхайчдын баярын энэ өдөр дуулгахад нэн таатай байна хэмээн "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн баярын мэндчилгээндээ онцолсон юм.
"Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ улирч буй оны ажлын амжилт бүтээлээ дүгнэж, бүх ажилтнуудаа 150.000-1 сая төгрөг хүртэл мөнгөн урамшууллаар шагнаж байна. Үйлдвэрийн газрын ашигт ажиллагааг нэмэгдүүлэн, олсон амжилтаа дээшлүүлэн ажиллахад ажилтнуудын оруулсан бодит хувь нэмэр, ажлын үр дүн, хүчин чармайлтыг өндрөөр үнэлэн урамшуулал олгохыг Ерөнхий захирлын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/726 тоот тушаалд дурьдсан байна.
Үр дүнгийн урамшууллыг үйлдвэрийн нийт ажилтнууд, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмадууд, ҮОХХМШӨ-ийн улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон ажилтнууд, жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй ажилтнууд, дадлагажигч ажилтнууд, гэрээт байгууллагын ажилтнууд, урт хугацааны сургалтад явсан ажилтнууд болон үйлдвэрлэлийн хүрээний бүтцийн нэгж, "Сэлэнгэ” катерингт хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж буй ажиллагч зэрэг Эрдэнэт үйлдвэрээр овоглосон бүх хүнд хүртээлээ.
Эрдэнэт үйлдвэрийн хамт олон 2020 онд 32.5 сая тонн хүдэр боловсруулж, 700 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх төлбөрөө нэг их наяд төгрөгөөр давуулан Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд хамгийн өндөр амжилт гаргаж, хамгийн их үндэсний баялаг бүтээж, түүхэн амжилт бүтээлээр үдэж байна.