Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд "Оюунлаг хөвсгөл" дэд хөтөлбөрийн хүрээнд БСУГ-ын бага боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Ундрахыг 10 сая төгрөгөөр шагналаа.
Э.Ундрах нь багш нарыг арга зүйн удирдлагаар тасралтгүй хангаж, сурагчдын суралцах чадварт үнэлгээ судалгаа хийж ажилласнаар 2017-2018 оны хичээлийн жилийн чанарын үнэлгээний шалгалтаар Хөвсгөл аймаг улсад хоёр жил дараалан тэргүүлсэн амжилт үзүүлжээ.Тэрбээр "Хөгжсөн багшаас хөгжсөн шавь” бага боловсролын багш нарын дунд "Бага олимпиад", математик, хүн байгаль, монгол хэлний хичээлийн нэгдмэл агуулгаар багш нарын мэргэжлийн онолд хангалтгүй дүн үзүүлсэн 94 багшийн мэргэжлийн онолыг дээшлүүлэх олимпиадыг зохион байгуулсан.
Мөн багш нар зуны амралтын хугацаанд арга зүйн зөвлөмж, багшийн ном, сурах бичгээ уншиж судлах даалгавар авч олимпиадад оролцоогүй багш нар оролцох байдлаар бүгд хамрагдаж багш бүр ажлын байрандаа хөгжих боломжтой болжээ.
Суралцагчийн хөгжлийг дэмжих чиглэлээр 1-р ангийн нийт 99 бүлгийн 2676 сурагч хамрагдсан унших чадварыг дээшлүүлэх 2 сарын "Сайн сурагч " аяны хүрээнд аймгийн дундаж 43,5 –аас доош үг уншсан 24 бүлгийг унших чадварыг сайжруулах ахицыг тооцох 8 сарын хугацаатай үүрэг даалгавар өгч дахин үнэлгээ хийж үр дүнг тооцсоноор унших хурд 1 минутад 60.5 үг болж эрс ахисан зэрэг олон амжилтыг гаргасан байна.