Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдаж, шуурхай мэдээлэл солилцлоо.
Цахим шуурхайд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, НИТХ-ын төлөөлөгч Б.Нэргүй, Эдийн засаг, нийгмийн чиглэлийн төсөл хөтөлбөрийн удирдагч бөгөөд Засаг даргын орлогч Н.Мандуул нар оролцлоо.
Шуурхай зөвлөгөөний эхэнд мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд баяр, амралтын өдрүүдэд хэрхэн ажилласан талаар илтгэсэн юм.
УБЦТС ХХК-ийн Налайх Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс ажлын хэсэг гарч, иргэдийн цахилгааны зардалтай холбоотой санал хүсэлт, гомдлыг барагдуулж, мэдээлэл өгч ажилласан байна.
Дулааны станцаас 2 зуух галлагаанд, нөөцөнд 1 зуух ажиллаж байна. Талбайд 27 хоногийн нүүрсний нөөцтэй хэвийн горимоор ажиллаж байгаа талаар мэдээлсэн бол, Чандмань Налайх ОНӨААТҮГ-аас 72-р байрны хэрэглээний усны шугам цоорсон гэмтлийг шуурхай засварлаж, хэвийн ажиллагаанд оруулсан гэв.
Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар "Засгийн газраас бүх нийтийн хатуу хөл хориог нэмж 5 хоног сунгах талаар мэдээлсэн. Тиймээс энэ хугацаанд хөл хорионы дэглэмийг чанд сахих, цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, халдвар хамгааллын дэглэмийг сахиулахад онцгойлон анхаарч ажиллахыг анхаарууллаа."