Өнгөрөгч 10 дугаар сарын 10-ны өдөр орон нутгийн өмчит Тавантолгой ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж Өмнөговь аймгийн өрх бүрт 3 тонн нүүрс үнэгүй олгох шийдвэрийг гаргасан билээ.
Уг шийдвэрийн дагуу Тавантолгой ХК-иас тус аймгийн өрх бүрт 3 тонн нүүрсний талоныг олгож байна. Энэхүү талоныг арванхоёрдугаар сарын 19-ны өдрийг хүртэл олгох бөгөөд 15 сумын бүх өрх буюу 22500 өрх хамрагдах аж.
Хөтөлбөр хэрэгжих хугацаанд Тавантолгой ХК-ийн уурхайчид ажлын өдрүүдэд 05.00-19.00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж, нүүрс ачилтыг шуурхай зохион байгуулж байна. Өмнөговийн иргэд айл хөрш, ах дүүс, баг хамт олноороо нэгдэж, уурхайгаас нүүрсээ татаж эхэллээ хэмээн орон нутгаас мэдээллээ.
Уурхайн аманд нэг тонн нүүрсний үнэ 38500 төгрөг бөгөөд 3 тонн нүүрс нь 115500 төгрөгийн үнэтэй. Тавантолгой ХК нь өмнөх жилүүдэд орон нутгийн иргэдэд хөнгөлөлттэй үнээр нүүрс олгодог байсан бол энэ жил 3 тонн нүүрс үнэ төлбөргүй олгож, нутгийн иргэдийн амьдралд бодитой хувь нэмрээ оруулж байгаа нь энэ юм.
Өмнөговийн ууган уурхай Тавантолгой ХК нь сүүлийн арван жилд улс, орон нутгийн төсөвт 830.2 тэрбум төгрөгийн татвар төлж, Монгол улсын ТОП 100 ААН-ийн нэг болсон хамт олон.
Компанийн 51 хувийг орон нутаг, 49 хувийг Монгол Улсын болон дэлхийн 23 орны иргэд, ААН-үүд эзэмшдэг.