Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Этиоп Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Тэсхомэ Тога Чанакаг Итгэмжлэх Жуух бичгээ барихтай нь холбогдуулан хүлээн авч уулзав.
Элчин сайд Тэсхомэ Чанака Итгэмжлэх Жуух бичгийнхээ хувийг Дэд сайдад гардуулж, Монгол, Этиопын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийг эрэлхийлж ажиллахаа илэрхийлэв. Дэд сайд Б.Батцэцэг Монгол, Этиоп хоёр улс нь Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хувиар ДГХБО-ын Олон улсын судалгааны төвийг байгуулахад хамтран ажиллаж ирснийг тэмдэглэж, цаашид олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцогч орнууд тул энэ чиглэлээр хамтран ажиллаж туршлагаасаа хуваалцах боломжтойг онцлов.
Монгол Улс нь Этиоп Улстай 1967 оны 1 дугаар сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон.