Дөрвөн настай охин далайн эрэг орчимд аавтайгаа зугаалж яваад үлэг гүрвэлийн хөлийн мөр олжээ.
Тодруулбал, Уэльсийн Вейл-оф-Гламорган хошууны Барри хотын эрэг орчимд Лили Вайлдер охин үлэг гүрвэлийн сарвууны мөрийг олсон байна.
10 см урттай уг мөр нь 75 см-ийн өндөртэй үлэг гүрвэлийнх гэж үзэж байгаа бөгөөд 220 сая жилийн настай болов уу гэсэн таамаглал дэвшүүлжээ.
Уэльсийн Үндэсний музейн палеонтологийн куратор Синди Хавеллс энэ далайн эргээс олдсон хамгийн шилдэг олдвор хэмээжээ.
Охины ээж Сэлли "Лили аавтайгаа алхаж яваад "Аав аа, хар даа" гээд харуулсан гэсэн. Нөхөр маань гэртээ ирээд надад зургийг нь үзүүлсэн юм. Үнэхээр гайхалтай санагдсан" гээд мэргэжлийн хүмүүстэй холбогдож хэлсэн тухайгаа ярьжээ.
Ийм төрлийн үлэг гүрвэл нь хоёр хөлөөрөө явдаг бөгөөд жижиг амьтад агнаж, шавжаар хооллодог байсан гэж судлаачид үзэж байгаа аж.
Эх сурвалж: ВВС